Ө.Бодьгэрэл: Даатгуулагчид тэтгэвэрт гарах хоёр сонголт бий

1960 оноос хойш төрсөн даатгуулагчид нэрийн данс нээсэн. Харин Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар иргэдэд төдийлөн мэдээлэл хомс байгаа юм. Тиймээс энэ талаар тодорхой мэдээлэл авахаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын Судалгааны хэлтсийн Хэтийн тооцоолол, нэрийн данс хариуцсан мэргэжилтэн Ө.Бодьгэрэлтэй ярилцлаа.

-Нэрийн данс гэж юуг хэлэх вэ, товч ойлголтыг эхлээд уншигчдад өгөх үү?

-Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс гэдэг нь тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлийг бүртгэх хийсвэр тооцоолол юм. Улсын Их Хурлаас уг харилцааг зохицуулсан Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг 1999 онд баталж, 2000 оноос эхлэн 1960 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн даатгуулагчдад хийсвэр нэрийн данс нээж, даатгуулагчийн төлсөн шимтгэлийг бүртгэж эхэлсэн. Тэгэхээр 1960 оноос хойш төрсөн даатгуулагчид нэрийн данс нээлгэсэн гэж ойлгож болно.

-Нэрийн данс, тэтгэврийн даатгалын тогтолцоо гэж хоёр ойлголт явж байна. Энэ хоёр чухам юугаараа ялгаатай вэ?

-Нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох хүмүүст 1960 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш төрсөн хүмүүс багтаж байгаа. Дээр хэлсэнчлэн нэрийн дансны арга бол хийсвэр тооцоолол. Даатгуулагчийн авах тэтгэврийн хэмжээ нь түүний төлсөн нийт шимтгэл, түүнд тооцсон хүүгийн нийлбэрээс хамаарч тогтоно. Тэгэхээр нэрийн дансны аргыг нэг ёсондоо шимтгэлд суурилж тэтгэвэр бодох арга гэж ойлгох хэрэгтэй. Хэдий шимтгэлийн орлогыг нэрийн дансанд бүртгэж байгаа ч тогтоосон тэтгэврийг олгохдоо хуваарилалтын зарчмаар олгогддог учир одоогийн тэтгэвэр тогтоож байгаа тогтолцоотой адил. Тухайлбал, даатгуулагч 25 жил тасралтгүй шимтгэл төлсөн гэж үзвэл, түүний төлсөн нийт шимтгэлийг нэрийн дансанд бүртгэн жил бүр шимтгэлийн орлогод хүү тооцож, тухайн даатгуулагчийн нийт үлдэгдэл гарна. Даатгуулагч тэтгэвэрт гарахдаа нэрийн дансанд хуримтлагдсан нийт үлдэгдлээ тэтгэвэр авах хугацаандаа хувааж, жил, сард авах тэтгэврийн хэмжээгээ тогтоох юм.

Харин Тэтгэврийн даатгалын тогтолцоо нь даатгуулагчийн авах тэтгэврийн хэмжээ нь шимтгэл төлж ажилласан хугацаа, авч байсан цалинтай холбоотойгоор тэтгэврийг тогтоож олгоно. Тухайлбал, даатгуулагч тасралтгүй 25 жил ажиллаж, шимтгэл төлсөн бол сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилийн цалинг өөрөө сонгож тэтгэврээ тогтоолгодог. Тэгэхээр санхүүжилт нь хуваарилалтын зарчим юм.

2017 оны хувьд хүүг 6.7 хувиар баталсан

-Нэрийн дансны хүүг яаж тооцдог вэ?

-Хүүг тооцдог аргачлал байдаг. Тэр аргачлалын дагуу нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг жил бүр тооцдог. Тооцохдоо сүүлийн 3 жилийн цалингийн өсөлтөөр тооцож, Үндэсний статистикийн хорооноос санал авч, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл баталдаг.

-Одоо нэрийн дансны хүү хэдэн хувь байгаа вэ?

-Жил бүрийн хүү өөр, өөр тогтоогддог. 2000 оноос эхлэн жил бүр нэрийн дансны орлогод тооцох хүүг баталсан байдаг. 2017 оны хувьд хүүг 6.7 хувиар баталсан байгаа. Харин 2018 оны хүүгийн хэмжээг батлахаар тооцоо, судалгааг хийгээд явж байна.

-Хийсвэр хуримтлал гэдгийг илүү тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

-Нэрийн данс гэдэг нь хийсвэрээр бүртгэсэн шимтгэл гэсэн үг. Үүнийг иргэд банкны данстай андуурах гээд байдаг. Миний дансанд хэдэн төгрөг байна, түүнийгээ авна, барьцаална гэх байдлаар ойлгох нь буруу юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэлийн дүнд хүү тооцож хийсвэрээр өсгөөд, регистрийн дугаар бүхий дансанд бүртгээд явна. Энэ хүүгийн хэмжээ бол зах зээлийн хөрөнгө оруулалтын бодит хүү бол биш. Иргэд, даатгуулагчид нэрийн данс гэхээр өөрт нь нэг дансны дугаар байгаа гэж ойлгодог. Яриад байгаа нэрийн данс гэдэг нь таны регистрийн дугаар. Тэгэхээр таны регистрийн дугаар дээр бүртгэгдсэн шимтгэлийн дүнг хийсвэр нэрийн данс гээд байгаа юм.

-Нэрийн дансандаа хичнээн төгрөг бодогдоод явж байгааг хэрхэн шалгах вэ?

-Нэрийн дансны үлдэгдлээ шалгах олон боломж бий. Хамгийн түрүүнд хүн бүрийн хэрэглээ болсон ухаалаг утсандаа “Нийгмийн даатгал” аппликейшнийг татаад харж болно. Даатгуулагч уг аппликейшнийг ашиглаад шимтгэл төлөлтөө, тэтгэмжийн зардлын мэдээллээ мөн харах боломжтой.  Мөн www.ndaatgal.mn цахим сайт руу ороод “Цахим үйлчилгээ” хэсгээс нэрийн дансныхаа үлдэгдлийг шалгах боломжтой. Мөн төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас, харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст очоод мэдээллээ авах бас боломжтой.

Банк эргэлдүүлж, ашиг олох зорилгоор ашиглаж байгаа зүйл огт байхгүй

-Энэ дансан дахь бодогдсон мөнгө нь нэгэнтээ тухайн иргэний өөрийн хөрөнгө гэдэг утгаараа тэтгэвэрт гараагүй байхдаа урьдчилаад мөнгө авах, эсвэл дансаа барьцаалан зээл авах гэх мэтээр ашиглах боломж бий юу?

-Энэ бол бэлэн мөнгө биш. Даатгуулагчийн ирээдүйд авах тэтгэврийн бүртгэл тооцоо гэсэн үг. Тийм болохоор урьдчилж авах ч юм уу зээл авах гэх мэт санхүүгийн хэрэгсэл болгон ашиглах хуулийн зүйл заалт байхгүй.

-Нас барсан иргэний нэрийн дансын хуримтлалыг үр хүүхэд нь ашиглаж болох уу. Нэг үгээр бол өвлөгдөх үү?

-Үр хүүхэд болон ар гэрийнхэнд нь өвлүүлэх хуулийн зүйл заалт байхгүй.

-Оршуулгын, ажилгүйдлийн, жирэмсний болон амаржсаны гэх мэт тэтгэмжүүд Нэрийн данстай холбоотой юу?

-Нэрийн данстай холбоогүй, тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалын сангаас олгогддог.

-Одоо иргэд нэрийн данснаас, тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авъя гэдгээ өөрөө сонгодог уу. Одоо иргэд нэрийн дансаар тэтгэвэрт гарч байгаа юу?

-2015 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулинд нэмэлт өөрчлөлтийг оруулснаар даатгуулагчид сонголт хийх боломжийг олгосон. 1960 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн даатгуулагч Нэрийн дансны аргаар эсвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд заасан нөхцөлөөс сонголтоо хийж тэтгэвэр тогтоолгох боломжтой.

-Нэг хэсэг эрчимтэй яригдаж, шинэхэн танил болоод байсан Нэрийн данс гэдэг ойлголт удалгүй бараг сураг нь тасарсан. Иргэдэд чиглэсэн хууль таниулах сурталчилгаа тасалдаж, мэдээлэлгүй хүмүүст энэ талын мэдлэг мэдээлэл олгохгүй байгааг хардах хүмүүс бас байна. Иргэдийн нэрийн дансны хуримтлалыг ямар нэгэн байдлаар банкууд эргэлдүүлж ашиг олох, төр нь өөрөө ашиглаж байгаа юм биш биз гэсэн үл итгэх байдал мэр сэр сонсогдож байна. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Банк эргэлдүүлж, ашиг олох зорилгоор ашиглаж байгаа зүйл огт байхгүй. Иргэд, даатгуулагчдад шимтгэл төлөлт болон нэрийн дансны мэдээллээ харах, шалгах боломжийг олгох үүднээс гар утасны “Нийгмийн даатгал” аппликейшнийг нэвтрүүлсэн байгаа. Мөн дээр хэлсэнчлэн www.ndaatgal.mn, ТҮЦ машин болон харьяалах нийгмийн даатгалын хэлтэстээ очоод мэдээлэх хуудсаа авах боломжтой. Нэрийн данстай холбоотой хууль эрх зүйн акт, хүүтэй холбоотой мэдээллийг манай байгууллагын цахим хуудаснаас хараарай.

-Мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Я.Хулан

3 thoughts on “Ө.Бодьгэрэл: Даатгуулагчид тэтгэвэрт гарах хоёр сонголт бий

  1. энхтуул 2019-10-11 16:59 at 16:59

    4huuhed gargaj 2r odontoi eej51 nactai tetgeveree togtoolgoh geed ochihoor ajilcan jil chini hurehgui 55 nacaa hulee geed bytsaaj baina ene zuvuu

    Хариулах
  2. энхтуул 2019-10-11 17:01 at 17:01

    улсаас олгосон 10jiliin nuhun olgolt hezee dahij olgoh ve hotsorchood baih yumaa medeelelgui bj bgaad

    Хариулах
  3. зочин 2019-12-12 15:15 at 15:15

    хийсвэр бхдаа яахавдээ НД шимтгэл төлж байгаа юм чинь бодит үлдэгдэл л бна шүү дээ

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн