Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн гүний уурхайд уржигдар /2018.10.15/ осол гарчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Жавхлант” багт “Оюутолгой” ХХК-ийн гүний уурхайн нэгдүгээр босоо аманд дунд оврын LO-055 улсын дугаартай JCВ загварын дугуйт ачигч шатжээ.
Энэ үеэр ажиллагсдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй байна. Утаажилтын бүсээс 505 уурхайчинг аюулгүй гаргаж, ослын нөхцөл шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна.
Тус компаний мэдэгдэлд “Ослын шалтгаан тодруулах, хохирлыг тодорхойлохоор Ханбогд сумын Онцгой байдлын алба, Цагдаагийн газартай хамтран ажиллаж байна. “Оюутолгой” компанийн үнэт зүйлсийн эрэмбэд хүний алтан амь, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавьдаг” хэмээжээ. Ослын шалтгаан нөхцлийг тогтоож, дүгнэлт гарахад 14 хоногийн хугацаа шаардлагатай юм байна.