Олон Улсын стандартад нийцсэн энэхүү тээвэр логистикийн төвийн үйл ажиллагааг Дорноговь аймгийн Замын-үүд суманд байгууллаа.
Тус төвийг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар БНХАУ-ын Зам тээвэр, төмөр замын 21-р товчоо болон бусад туслан гүйцэтгэгчид хамтран барьж дуусган ийнхүү хүлээлгэн өгч байна.
Логистикийн төв нь өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11,6 км төмөр зам, логистикийн төв рүү орох гарах төмөр замтай огтлолцох хүнд даацын 19 у/м төмөр бетон гүүрэн байгууламж,1,6 км автозам, дэд бүтэц, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ бүхий нийт 128 га талбайг хамарсан цогц байгууламж юм. Мөн чингэлэг шилжүүлэн ачих 50 тонны даацтай хоёр өргөгч цамхаг ашиглалтад оруулсан нь хоногт 620 вагоныг шилжүүлэн ачиж, боловсруулах боломжтой болж байна.
“Бүс нутгийн Логистикийн төв” ашиглалтад орсноор манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн эргэлтийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, царигийн ялгаатай төмөр замтай улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, холимог тээврийн системийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болох аж. Тодруулбал Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын хөгжил, арилжаа худалдааны эргэлт сайжрахад маш чухал хувь нэмэр үзүүлэх үндэс суурь болох юм.