УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган зарлан хуралдуулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн УИХ-ын гишүүн Л.Болд үзэж буй. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд хандана гэдгээ ч тэрээр илэрхийлж байсан. Тэгвэл Л.Болд гишүүн хэлсэн ёсоороо цэцэд ханджээ.
Тус өргөдөлд:
“…Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдуулах талаар Үндсэн хууль болон холбогдох хуульд заасан нөхцөл, хууль ёсны шаардлага бүрэн бүрдсэн байхад ээлжит бус чуулганыг товлон зарлаагүй буюу чуулганы асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргаагүй, асуудлыг үл хайхарсан Улсын Их Хурлын даргын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, … үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг, мөн Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэснийг, Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгг “Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, …ээлжит бус чуулган чуулж болно” гэснийг, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын … бусад чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлана” гэснийг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд …. төрийн байгууллагын бусад шийдвэр, … үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн болохыг тогтоон холбогдох хуулийн дагуу дүгнэлт гаргана уу” гэжээ.