Монголын “Miss Mongolia 2018”-ын тэргүүн миссээр 19 настай Б.Мөнхчимэг тодорч, “MIss International 2018”-д Монгол Улсаа төлөөлөн оролцохоор шалгарсан билээ. Тэрээр 2018 оны зургадугаар сард үндэсний ялагчаар тодорч, улмаар энэ сарын 20-нд Япон Улсын Токио хотноо эхлэх уг тэмцээнд дэлхийн 80 гаруй улсын тэргүүн Миссүүдтэй өрсөлдөх юм. Түүнийг хамгийн залуу болон хамгийн өндөр миссүүдийн нэг гэдгээр нь missology.org онцолжээ.
Загвар өмсөгч Б. Мөнхчимэг нь Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд Шинэ Монгол Коосэн сургуулийн 5-р курст химийн инженерийн чиглэлээр суралцдаг. Тэрээр “”Мiss Mongolia 2018” тэмцээнд оролцон “ТЭРГҮҮН МИСС” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж, Япон улсад зохион байгуулагдах “Miss International 2018” тэмцээнд Эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болсондоо туйлын их баяртай байгаагаа дахин илэрхийлье. Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулах их үйлст ханцуй шамлан орж, “Андра” академи дээрээ бэлтгэлээ хийсээр байна. Маш их итгэл, өндөр хариуцлагыг нэр төртэйгөөр даах үлдлээ. Бүх чадлаараа хичээх болно. Догдолж байна шүү.” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Анх 1960 онд Олон Улсын Соёлын холбооноос уг тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн байдаг. Улс бүрийн тэргүүн миссүүдийг тэмцээн эхэлсэнээс дуусах хүртэлх бүхий л хугацаанд дүгнэж, шүүгч ажиглагчид нараас гадна бусад олон улсын хүмүүстэй харилцаж нөхөрсөг чанар, халамж-нинжин сэтгэл, оюун ухаан болон олон улсын хүмүүстэй харилцах дипломатч төрхөө харуулж “Энх тайван болон гоо үзэсгэлэнгийн төлөөлөгч” болдогт тэмцээний онцлог оршдог аж.
58 дахь удаагийн “Miss International- 2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Токио хотноо зохион байгуулагдана.