Нийслэлийн гудамж талбай, хувийн, нийтийн эзэмшлийн бүхий л зай завсар эзэнтэй болж. Автомашинтай эгэл ардууд үзвэр үйлчилгээ, албан ажлаар, хаашаа ч зүглэсэн үнэгүй зогсоол үл олдоно. Саяхан л нийслэлээс зөвшөөрөлгүй зогсоолуудыг цэгцэлж байна, зөвшөөрөлгүй зогсоолд төлбөр төлөх ёсгүй гэх мэдээллийг өгч байсан. Харин өнөөдөр нийслэлийн хэмжээнд шинэчилсэн жагсаалтаар 39 байршилд төлбөртэй зогсоол ажиллаж байна. /Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуучин жагсаалтууд нийтлэгдэж байгааг анхаарна уу.  Шинэчилсэн жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү./ Анзаарсан бол Улаанбаатарын хэмжээнд байгууллага болгон, бүр орц бүрийн үүдэнд цагаан шон төлбөр нэхнэ. Нэгэнт зам чөлөөлөх үүргээ ухамсарлах жолооч нар халаасаа тэмтрэхээс аргагүйд хүрдэг. Энэ байдлыг ашиглан дураараа дургигсад хүрээгээ тэлсээр байдал ийм дээрээ хүрсэн нь энэ. Гэвч тэр мөнгө хаашаа, хэний халаасанд орж, чухам юунд зарцуулагддаг нь тодорхой бус. Зарим нь Нийслэлийн авто замын хөгжлийн газарт тодорхой хувь өгч үйл ажиллагаа явуулдаг гэх. Гэтэл хувь хүн олны хөлийг даган хүнсний захуудын үүдээр хэсэгхэн завсарыг ашиглаад хээв нэг төлбөр нэхээд “хөөрхөн” орлого олчихож байгаа харагдана билээ.

Ер нь иргэдээс авч байгаа мөнгөөр тэд юу хийдэг нь сонирхолтой биш гэж үү? Ингээд хэдэн газраар явж сонирхоод үзэхээр бүгд л НАЗХГ-тай гэрээтэй, хувь өгдөг гэнэ. Гэтэл тухайн байгууллагын нэр төлбөртэй зогсоолын жагсаалтад огт байдаггүй. Мөн орлогоосоо төрд өгдөг хувь нь янз бүр байгаа нь хардлага төрүүлэв. Жагсаалтад байхгүй байгууллагаас өгч байгаа хувь хэнд очих вэ? Үүнд хэн хяналт тавьдаг вэ? Яагаад тэд гэрээтэй гэж ам бардам хэлж чадаж байгаа вэ? гээд олон асуулт эндээс гарч ирнэ. Харин хариулах хүн олдохгүй, бүгд булзааруулна.

НАЗХГ-тай албан ёсны гэрээтэй, жишээ нь Тэнгис кинотеатрын зүгээс өгсөн тайлбараар бол 10 автомашины зогсоолын төлбөрийг тодорхой заасан дүрэм журмын дагуу тогтоодог бөгөөд сард ажлын 22 хоногоор 10 автомашины төлбөрийг тооцож 100 хувь НАЗХГ-т шилжүүлдэг гэнэ.

Тэгвэл НАЗХГ-тай гэрээ байгуулан төлбөртэй зогсоол ажиллуулдаг гэх “Хатагтай” эмнэлэг дээрх жагсаалтад байхгүй. Тэдний зүгээс тайлбарласнаар зогсоолын орлогынхоо тодорхой хувийг НАЗХГ-т шилжүүлж, бусдаар нь зогсоолын тохижилт, зогсоолын харуулын цалин хөлс зэрэгт зарцуулдаг гэлээ. Мөн тухайн объектод үйл ажиллагаа явуулж байгаа түрээслэгч аж ахуйн нэгжүүдэд тодорхой тооны автомашин үнэгүй зогсох боломжоор хангадаг байна. Мэдээж өөрийн байгууллагын ажилчид ч төлбөр төлөх шаардлагагүй. Ингэж төлбөртэй зогсоол ажиллуулахын ач холбогдлын тухайд, үйлчлүүлэгчийн тав тухтай холбон тайлбарлаж байлаа. Үйлчлүүлэгчдийн төлөө гэх боловч үнэндээ тухайн байгууллагын ажилтнуудын автомашинаар дүүрсэн зогсоолд түр зогсоод ажлаа амжуулаад гарах нөхцөл боломж тун хомс. Үнэндээ энэ бол зөвхөн өөрсдөдөө зориулсан талбай бөгөөд зай сиймхийгээрээ сул мөнгө олох арга гэлтэй.

Нийтийн эзэмшлийн талбай дахь төлбөртэй авто зогсоолын тоог нэмэгдүүлнэ

Монголчууд бид их дураараа хүмүүс. 2016, 2017 онд гэхэд л зөвшөөрөлгүй 130 гаруй хашаа, гинж, хаалтыг татан буулгасан байдаг. Буулгаад байхад л дахин буулгах ажил ундраад л байна. Энэ нь хяналт, хариуцлага доголдолтой, сул, зөөлөн байгаагийн нэг илрэл. Одоо мөн л энэ ажлыг дахин эхлүүлж, тухайн ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд шалгалт хийж, цуцлахыг нь цуцалж, улмаар төрөөс нийтийн эзэмшлийн зам, талбайг бүгдийг нь төлбөржүүлэхээр болжээ.

Энэ тухай Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра “Автомашины түгжрэлийг бууруулахын тулд зогсоолын тоог нэмнэ. Зогсоолууд үнэ төлбөргүй байхаар иргэд, ААН-ийн ажилчид машинаа өдөржин орхичихдог. Ингэхээр зогсоолын эргэлт байхгүй болчихдог. Өндөр хөгжилтэй бүх улс оронд зогсоолууд нь өндөр төлбөртэй байдаг. Тэгж байж аль болох автомашины тоог цөөрүүлнэ. Жишээ нь, төрийн байгууллагын алба хаагчид өглөө 08:00-17:00 цагт ажиллана. Тэгэхээр үйлчлүүлэх гэж

ирсэн иргэд зогсоолгүй болдог.

Бас зогсоол дээр машинаа хонуулдаг, машинаасаа шууд худалдаа наймаа эрхэлдэг гэхчлэн олон асуудал бий. Тиймээс зогсоолын эргэлтийг сайжруулахын тулд бид нийтийн эзэмшлийн зам талбай дахь бүх авто зогсоолыг төлбөржүүлэх гэж байгаа юм.” гэж тайлбарлалаа.

Хотын захиргаанд гэхэд л 3000 гаруй хүн ажиллаж байна. Тэд өөрсдөөсөө энэ ажлыг эхлүүлсэн гэдгийг дурьдсан юм. Өөрөөр хэлбэл, хотын захиргааныхан байгууллагын зогсоол дээрээ төлбөр төлж автомашинаа байрлуулдаг болжээ. Энэ мэтчилэн тухайн зогсоолд ажилчид, албан хаагчид нь хүртэл өөрсдөө төлбөр төлдөг байхаар зохицуулалт хийх гэж байна.

Хорооллын хаалттай зогсоолд орох ямар ч автомашинаас төлбөр авах ёсгүй

Орон сууцны гадна зогсоол ч төлбөр авч харагддаг. Төлбөрийн тухайд СӨХ, оршин суугчдын өөрсдийн шийдвэрлэх асуудал байж болно. Гэхдээ орон сууцны бүх хороололд зогсоолын хаалт хийвэл холбоос замыг хаах учраас СӨХ болон оршин суугчид замынхаа онцлогийг харгалзах нь чухал гэдгийг анхаарууштай юм билээ. Тухайлбал, Хурд хорооллын дундуур урдаас, хойш гарсан зам бий. Хэрэв тэр холбоос замыг хаавал зорчигчид тойруу замаар явах шаардлагатай болно. Харин тухайн хорооллын зам мухар бол асуудалгүй ч төлбөр авах эрх байхгүй, үүрэг хүлээхгүй.

Ингээд хороолол, хотхонууд бүгд зогсоолоо хаалттай болгох юм бол айл хэсэхэд авомашин нэмэр болохоос илүүтэй нэрмээс болох вий. Учир нь тэнд гадны машин оруулахгүй, илүүчлэх газар байхгүй. Сансарын нэгэн хорооллын гурван байрны зам нь мухар бөгөөд зогсоол нь хаалттай. Тухайн байрыг зорих иргэн хэрэв оршин суугч нь биш бол машинтай нь огт оруулахгүй гэх юм билээ. Авлига ч нэмэргүй бололтой. Зарим газар нь арай уян хатан. Жишээ нь Метро моллын арын хорооллын харуулд машинтайгаа ирсэн зочин эрхий, долоовор хуруугаа имрээд, “мөнгө өгье” гэсэн дохио үзүүлэхэд л шидэт товчлуур дарагдаж, хаалга нээгдэх нь тэр. Албаны хүний тайлбараас харахад хорооллын хаалттай зогсоолд орох ямар ч автомашинаас төлбөр авах ёсгүй гэдгийг дахин сануулъя.

Байгаа хэдэн зогсоолын зарим нь цагийн 2000-3000 төгрөг гэдэг

Хотын захиргаанаас бол Ерөнхий төлөвлөгөөний дагуу хаана, ямар байршилд төлбөртэй зогсоол хийх вэ гэдгээ шийддэг. Энэ удаагийн нэмэлт зогсоолуудыг ч уг төлөвлөгөөтэйгээ уялдуулан хийх аж. ААН-үүд нийслэлтэй гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулахад 60 хувь нь төрийн санд буюу замын санд орж, 40 хувь нь тухайн иргэн, ААН-д өөрт үлддэг байна. Улсад орж байгаа мөнгийг зам засвар, үйлчилгээ, шинэ зам барих зэрэгт зарцуулдаг гэж тайлбарладаг. Тэгвэл гэрээтэй, гэрээгүй энэ олон зогсоолын тэр их мөнгө хотын замыг засч хүрэлцэхгүй байна уу? гэсэн асуулт гарч ирнэ.

Нийтийн эзэмшлийн зам талбай дахь авто зогсоолын талаар иргэдийн сэтгэгдлээс хуваалцахад, Зуун айлын чигт зорчиж явсан гэр бүлийн хоёр иргэн “Зуун айлыг нүүлгэхгүй бол түгжрэл хэрээс хэтэрч байна. Зуун айл руу зуу явдаг гэдэг үг бий. Гэтэл ирэх тоолондоо ингэж түгжирч хамаг цагаа бараад хэцүү байна. Манайд ер нь зогсоолын асуудал их хүнд. Зуун айлд түгжирч байгаа бас нэг шалтгаан чинь зогсоол шдээ. Зогсоолын зай ч байхгүй энэ захыг нүүлгэж байж гайгүй болно доо.” гэв.Мөн орой ажил тарах цагаар ГХЯ-ны хойд замд маш удаан хугацаанд түгжирч зогссон иргэн И.Батсүх түгжрэл арай хэтэрлээ гэж үгээ эхлүүлээд “Манайхан зогсоолын асуудлаа шийдэж чадахгүй байна. Уг нь гадаад улс оронд олон давхар зогсоолтой, тэд газар нутаггүйдээ тэгдэг гэж би ойлгодог. Гэтэл манайд хаашаа л бол хаашаа тэлэх газар нутаг байсаар байхад төвдөө шамбааралдаад, дээр нь зогсоол гэх юм юу ч байхгүй юм чинь түгжрэх нь аргагүй л байх. Төв цэнгэлдэхийн дэргэд олон давхар зогсоол барина гэсэн чинь давхар нь цөөрсөн сураг сонсогдсон. Тэгээд байгаа хэдэн зогсоолын зарим нь цагийн 2000-3000 төгрөг гэдэг. Тэгэхээр хэн тэр үнэтэй зогсоолд тавих вэ дээ. Үнэ дээрээ ч гэсэн жоохон бодолцмоор юм. Өндөр үнэтэй зогсоолд тавихын оронд байрны гадаа, эсвэл гудамжны нэг хэсэгт яаж ийж байгаад л аргалахыг бодно биз дээ. Энэ бол буруу биш гэж бодож байна. Зогсоолоо эхлээд шийдчихээд, дараа нь торгууль, ачлагаа явуулмаар байна гэж л хэлье дээ.” гэж ярив.

Үнэхээр замын түгжрэлийн бас нэг шалтгаан бол зогсоолын дутагдал. Ялангуяа дугаарын хязгаарлалтгүй өдрүүд буюу амралтын өдрүүдээр хувийн ажлаа амжуулах гэсэн иргэд, амралтын өдөр хамааралгүй ажилладаг хүмүүс бүгд зам дээр гарч ирж, түгжрэлийн цувааг нэмдэг. Тэгвэл НИТХ-ын даргын шийдвэрээр амралтын өдрүүдэд тодорхой зогсоолуудыг төлбөргүй болгоно гэсэн таатай мэдээ бас байна.

Нийтийн эзэмшлийн талбайд төлбөртэй авто зогсоолын тоог нэмэгдүүлэх талаар иргэдийн байр суурийг сонсоход бүгд л таатай хүлээж авч байсныг дашрамд дуулгая. Энэ нь түгжрэлийг бууруулах, зогсоолын эргэлтийг нэмэгдүүлэх эерэг талтай гэдгийг тэд бүгд хүлээн зөвшөөрч байсан юм.

Эцэст нь дахин дуулгахад, зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа 39-хөн байршлыг тогтоож аваад, шинэ албан ёсны зогсоолууд байгуулагдтал бусад газарт мөнгө төлөхгүй зогсох боломжтой. Тиймээс НАЗХГ-тай гэрээ байгуулсан гэх боловч албан ёсны байршлуудын жагсаалтад багтаагүй ААН-үүдийн зогсоолд ч төлбөр төлмөөргүй байна.

By updown

2 thoughts on “Зарим зогсоолд төлбөр өгмөөргүй байна”
  1. zogsoh gazargui bolgoson gazruud baigaag yaj zohicuulah ve tuhailbal huuhdiin ordnoos zeegee avah gej ochson chini gadni mashin oruulahgui geed tomoo talbai haachihsan tegeed ogt mashin zogsoh talbay baihgui

    1. Зөвшөөрөлгүй зогсоолуудыг буулгах ажлыг дахин эхлүүлж байгаа гэсэн. Харин дараа нь нийтийн эзэмшлийн зам талбайд нийслэлээс төлбөртэй зогсоол байгуулна гэж албаны хүн тайлбарласан. Зөвшөөрөлтэй 39 зогсоолоос бусад зогсоолд төлбөр өгөх шаардлагагүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сануулж байгаа хэдий ч ард иргэдийг шулж байгаа байгууллагуудад хариуцлага тооцож ажиллахгүй байгаагаас энэ асуудал гаараад байгаа юм. Удахгүй цэгцэрнэ гэж найдаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн