2019 онд агаарын бохирдлыг бууруулахад 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаад байна. Үүнээс 54 тэрбум төгрөгөөр 100 мянган айлын янданд утаа шүүгч байрлуулах талаар ярьж эхэллээ. Анхнаасаа шүүмжлэл дагуулж эхлээд буй энэ асуудал өмнө нь яригдаж байсан.
Өнгөрсөн долдугаар сарын 5-нд болсон Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Утааг үүсгэж байгаа зүйл нь гэр хорооллын зуух, яндан. Үүнийг ярихгүйгээр богино хугацаанд утааг сааруулна гэсэн асуудал байж болохгүй. Холын хугацаандаа орон сууц, хийн түлш гээд утааг бууруулах арга хэмжээ бий. Гэхдээ үүнд маш их хугацаа, хөрөнгө шаардана.
Богино хугацаандаа зуух, яндантайгаа ноцолдохоос өөр аргагүй. Тиймээс Засгийн газраас 120 мянган өрхөд утааг бүрэн шатаадаг, агаарт хаягдал багатай янданд нь голын хотол, зуухны хүхээг, төхөөрөмж суурилуулахаар хөрөнгө мөнгийг нь шийдээд захиалсан. Есдүгээр сараас эхлээд төхөөрөмжөө суурилуулаад эхэлнэ. Энэ бол утааг бууруулахад нэлээд бодитой ажил болно. Засгийн газар мөнгийг нь шийдчихсэн юм билээ.
250 ам.долларын үнэтэй байсныг 200 ам.доллар болгож бууруулаад захиалгаа өгсөн. Авч ирээд суурилуулахдаа айл өрхийн амьжиргаанд дарамт болохгүй замаар Засгийн газар хөрөнгийн эх үүсвэрийг шийднэ” гэсэн байдаг. Тэгвэл энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдэл хийсэн байдаг. Тэрээр “Энэ удаа шүүлтүүр тараах гэж байна гэж шүүмжилж байгаа.
Тэгвэл ард иргэдийн эрүүл мэндийг хэн хамгаалах юм. Одоо зоригтой алхмуудыг хийж чадахгүй юм бол хэзээ хийх юм бэ. Утааны шүүлтүүр авсан айлууд бар код, смарт апплейкшнтэй болно. Цахилгаан түгээх сүлжээ компани нь түүнийг хянаад явна. Хятадын “Haier” компанид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг оруулж ирнэ. Тус компанийн зүгээс үйлдвэрлэлийн баталгаа өгсөн. Уг компанийнхан Монголд ирж бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулна.
Энэ бол маш хариуцлагатай ажил. Хүмүүс угаартахаас эхлээд эрүүл мэндтэй нь холбогдох асуудал. “Haier” компанийн эрчим хүчний технологийн компанийн төлөөлөл Ерөнхий сайдтай уулзсан. Бид тэдэнд хандсанаар хамтарч ажиллахаар болсон. Шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа гэсэн юм. Харин өчигдөр болсон МАН бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж гишүүд нэлээд шүүмжлэлтэй ханджээ.
Энэ асуудлаар бүлгийн дарга Д.Хаянхярваа “Энэ 54 тэрбум төгрөгийн асуудалд бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандсан. Би хувь хүнийхээ хувьд ч дэмжихгүй байгаа. Өмнө нь гурван төрлийн зуух туршиж үзсэн. Энэ шүүлтүүр нь хэр үр дүнтэй, бодитой болохыг би мэдэхгүй. Засгийн газраас туршиж үзээд, илүү үр дүнтэй байна гэж үзээд нэвтрүүлэх гэж байгаа болов уу гэж харж байгаа” гэсэн юм. Ийнхүү утааг бууруулах Засгийн газрын танилцуулсан төслийг олон нийт шүүмжлэлтэй хүлээн авч байна. Одоо л иргэдийн анхаарлын төвд орж ирж байгаа мэт боловч аль эрт шийдэгдээд явсан зүйл гэж харагдахаар байна. Харин МАН-ын бүлгийн гишүүд энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж эхэлсэн нь анхаарал татаж байгаа юм.