Инстаграм сүлжээний тусламжтай төрөөгүй хүүхдээ бусдад худалдаалахыг завдсан эмэгтэйчүүдийг Индонезийн Сурабаяа хотын цагдаагийнхан саатуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Баривчилгаа өнгөрсөн сарын 3-ны өдөр явагдсан ба өнөөдөр энэ талаар хэвлэлийнхэнд мэдэгдэв.
Баригдсан эмэгтэйчүүдийн нэг нь долоон сартай жирэмсэн аж. Дөрвөн индонез эмэгтэй эхо-ний зургаа инстаграмд байршуулж, хүйс, хэзээ амаржих, хэдэн долоо хоногтой жирэмсэн гэх хувийн мэдээллээ бичжээ. Тэд удахгүй төрөх хүүхдийг худалдан авах сонирхолтой иргэд “WhatsApp”-аар холбоо барихыг хүссэн байна. Мөн цагдаагийнхан хэвлийдээ байхдаа зарагдаж, үрчлүүлсэн хүүхдийг эрэн хайж байна.
Сурабаяа хотын захирагч “Төрөөгүй хүүхдээ бусдад худалдаалахыг санаархсан эмэгтэйчүүдийг баривчилсан. Тэд нийгмийн сүлжээний тусламжтай хүүхдийг нь худалдан авахыг хүссэн иргэдтэй холбоо тогтоож, улмаар нууц гүйлгээ хийдэг байсан. Гүйлгээ хийдэг байсан нууц дансыг шалгаж эхэлсэн” гэж мэдэгджээ. Хүүхдүүдийн эхо-ны зураг нийтлэгдсэн уг инстаграмыг 700 гаруй хүн дагадаг ба цагдаагийнхан дагагчдыг нь шалгаж эхэлсэн байна.