Африкийн хамгийн залуу тэрбумтан Мохаммед Девжиг өчигдөр Танзани улсын Дар эс Салаам хотноо байхад нь зэвсэглэсэн этгээдүүд хулгайлсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.theguardian.com” сайт мэдээллээ.
Өдгөө 43 настай Девжигийн нийт хөрөнгө 1.5 тэрбум ам.доллар ба тэрбээр дэлхийн 10 гаруй улсад хөдөө аж ахуй, тээвэр зуучлал, хоол хүнс, үйлчилгээ явуулдаг “MeTL Group” компанийн ерөнхийлөгч юм. Девжи, Дар эс Салаам хотын нэгэн худалдааны төвийн өмнө байхад нь хоёр цагаан өнгийн машинтай этгээдүүд хулгайлсан аж.
Тухайн үед гэмт хэрэгтнүүд агаарт хэд хэдэн удаа бууджээ. “Энэ бол шинэ төрлийн гэмт хэрэг” хэмээн хотын захирагч мэдэгдэв. Цагдаагийнхан шуурхай ажиллаж, сэжигтнүүдийг баривчилсан ба тэрбумтан эрийн талаар мэдээлэл хийгээгүй байна. Уг хэргийн гол захиалагчийг олохоор ажиллаж буй гэнэ.
Девжи Танзани улсад төрсөн ба АНУ-ын хамгийн нэр хүндтэй их сургууль болох “Georgetown University” -ийг төгссөн юм. Тэрбээр 2005-2015 оны хооронд парламентын гишүүнээр ажиллаж байв. Гурван хүүхдийн эцэг Девжи “Форбес” сэтгүүлээс гаргасан Африкийн хамгийн баян 100 эрхмийн 17-т жагсдаг аж. Тэрбумтан эр “нийт хөрөнгийнхөө талаас илүү хувийг буяны үйлсэд хандивлана” хэмээн 2016 онд мэдэгдэж байжээ. Девжи мөн Америкийн “Форбес” сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны Танзани улсын иргэн гэнэ.