“Никель Ганбаа” ХХК-ийн захирал Г.Дашнямтай ярилцлаа.
-Танай компани нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “UBike” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн явц, хэрэгжилтийн талаар ярихгүй юу?
-Манай компани 2018 оны 7 дугаар сараас эхлэн UBike унадаг дугуйн түрээсийн үйлчилгээг Улаанбаатар хотдоо нэвтрүүлж эхэлсэн. Энэ төсөл нь НЗДТГ-ын санаачилга дээр үндэслэн, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж эхэлсэн, инноваци шингэсэн, шинэлэг төсөл гэдгийг манай иргэд харж байгаа байх. Энэ зуны хувьд төслийн 1 дүгээр шатны үйл ажиллагаа хэрэгжиж эхэлж байгаа юм.
14 дугуйн зогсоол, 250 ширхэг унадаг дугуй үйлчилгээнд нэвтэрч, Улаанбаатар хотын төвийн хэсгээр үйлчилгээгээ иргэдэд үзүүлж байна. Төсөл дөнгөж нэвтрээд бид дугуйгаа эвдүүлэх, хулгайд алдах гэх мэт хүндрэлүүдтэй тулгарч байсан боловч, тухай бүрд нь арга хэмжээ аваад явсны үр дүнд одоо үйл ажиллагаа маань бүрэн жигдэрсэн. Мөн 2019 оноос эхлэн дэлхийн 75 орны 4000 гаруй хотод, гадна зар сурталчилгаа болон нийтийн тээвэр, дугуйн зогсоолын байгууламжийн үйлчилгээ эрхлэгч “Жи Си Дэкау” компани “UBike”-ийн зогсоолын байгууламжийг барьж, хамтран ажиллаж эхлэх юм. Ингэснээр одоогийн зогсоолын өнгө үзэмж, чанар олон улсын стандартад хүрэхээс гадна, тоо хэмжээ нь нэмэгдэж, үйлчилгээний цар хүрээ өргөжнө.
-Үйлчилгээнд нэвтрээд удаагүй ч “UBike” нийслэлчүүдийн дуртай тээврийн хэрэгсэл болжээ. Одоогийн байдлаар хэчнээн хэрэглэгчтэй болсон бэ?
-Идэвхтэй, байнгын хэрэглэгчдийн тоо 3000 давчихсан байна. Харин аппликешнээ татаж аваад үйлчлүүлж байгаа 13 мянган иргэн байна. Үйлчлүүлэгч нэг удаа үйлчлүүлэхдээ хамгийн багадаа 2-3км зорчиж байна гэсэн судалгаа бидэнд байдаг. 13000 хэрэглэгч дугуйтай хөдөлгөөнд оролцжээ гэж тооцвол авто тээврийн хэрэгслээр 20-30 мянган км явах шатахуун, хорт удааны хэмжээг иргэд маань хэмнэсэн байна гэсэн үг. Тиймээс энэ төсөл маань авто замын түгжрэлийн эсрэг, иргэд өөрсдөө хийж байгаа хамгийн үр дүнтэй алхам байгаа биз дээ.
-Нийслэлийн засаг дарга өнгөрсөн долоо хоногт “UBike” төслийн дараагийн үе шат болох “UScooter” төслийг сэтгүүлчдэд танилцуулсан. Энэ төслийн талаар тодруулж ярихгүй юу?
-Улаанбаатар хотод 100 хувь цахилгаан скүүтэр түрээсийн үйлчилгээ ирэх хавраас нэвтэрч эхэлнэ. Энэ үйлчилгээ дэлхийд ч шинэлэг үйлчилгээ. Анх 2012 онд АНУ-ын Сан франциско хотод цахилгаан скүүтэрийн түрээс нэвтэрч, 2017 оноос Европын томоохон хотуудын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрч эхэлсэн байх жишээтэй. Урьд нь Мода Монголоор дуусдаг гэсэн үг байсан даа. Харин одоо энэ үг эсрэгээрээ хэлэгдэхээр болсон байна. Хотын дарга С.Батболд, “UBike” төсөл хэрэгжиж эхлэхэд л “UScooter”-ийг дараагийн шатандаа заавал хэрэгжүүлэх зорилго тавин ажиллахыг биднээс хүссэн. Харин бид судалгаа, бусад бэлтгэл ажлаа сайн хангасны үндсэн дээр 2019 оны 5 дугаар сараас энэ төслийг албан ёсоор эхлүүлэхэд бэлэн болсон байгаа.
-Сүүлийн үед сошиалаар “Юскүүтэрийн худалдах үнэ өндөр байна. Нийслэлээс санхүүжилт авчихаад иргэдэд өндөр үнээр худалдах гэж байна” гэсэн яриа гараад байгаа?
-Энд нэг зүйлийг тодруулж хэлэх хэрэгтэй байна. Нэгд, бид нийслэлээс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй, төсвийн хөрөнгөнөөс мөнгө гаргалгүйгээр буюу татвар төлөгчдийн нэг ч төгрөг энэ төсөл рүү ороогүй. Хоёрдугаарт, хотын даргын танилцуулсан загвар бол эхний загвар, овор хэмжээ арай томтой гэсэн үг. “Юскүүтэр” нь овор хэмжээний хувьд том, жижиг гэсэн 2 янзын загвараар хийгдэх юм.
Анхны, нэг ширхэг загвар гэдэг утгаараа 3 сая төгрөгийн өртгөөр буюу өндөр өртгөөр боссон. Бид “Юскүүтэр”-ээ худалдаалахгүй, зөвхөн дундын түрээсийн үйлчилгээ үзүүлнэ. Харин зарим иргэн маань загвар нь таалагдлаа худалдаж авмаар байна гэсэн хүсэлт тавьсан. Тэдэнд зориулж захиалгаар үйлдвэрлэх боломжтой гэдгээ зарим мэдээллийн хэрэгслээр би хэлсэн юм. Харин сошиал ертөнцөөр яригдаад байгаа шиг 3 сая төгрөгөөр “Юскүүтэр” худалдаалах гэж байна гэсэн мэдээлэл бол ор үндэсгүй зүйл шүү.