Шатахууны зах зээлийн томоохон магнат “Магнай трейд” ХХК компанийн хайгуулийн анги газрын тосны 17 дугаар талбайгаас хөөгджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх нэрээр орон нутгийн эрх барих байгууллагын зөвшөөрөлгүйгээр БНХАУ-ын “Цагаан хэрэм” хайгуулын компанийг авчран өрөмдлөгийн ажлыг эхлүүлэх гэж байсан хэдий ч нутгийн ард иргэд, “Босоо Хөх Монгол” бүлгэмийн Дорнод салбарын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна.
Тус компанийн хайгуулын талбай нийтдээ найман сумын хамарсан томоохон стратегийн орд бүхий талбай юм. Тусгай зөвшөөрөл хэрхэн яаж авсан нь мэдэгдэхгүйгээр үл барам нутгийн удирдлагын зөвшөөрөлгүй нэг л өдөр Хэрлэн голын ай сав, сумын төвийнх нь хажууд том техник хэрэгсэл зоож нутгийн ард иргэдийг басамжилсан уг компанид хэн гэдэг албан тушаалтан эрх мэдэл өгсөн нь мэдэгдэхгүй байгаа аж.
Ямартай ч аймгийн төвийн салхин дээр 20 км зайд хайгуул хийхээр иржээ. Одоогоор сумын Засаг даргын зүгээр кэмп барих, ус ашиглах зөвшөөрлийг олгохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.