НМХГ-аас өнөөдөр хууль бус үр хөндөлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай танилцууллаа. Хууль бус үр хөндөлтийн тохиолдлыг илрүүлэх, таслан зогсоох, нийтэд сэрэмжлүүлэх зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 46 эмнэлэгт хяналт шалгалт хийжээ.
Тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулдаггүй, Тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа явуулж байгаа Энхлэг, Сүйжин, Ач арвижих, Ди Эл Өү, Энхмөнхманал эмнэлэг, Эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан Бяцхан гүнж, Цэцэгс, Сэцэнгоо эмнэлгийг илрүүлжээ. Хууль бус үр хөндөлтийн улмаас биеийн байдал хүндэрсэн үйлчлүүлэгчийн тохиолдлыг судлахад ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Амгалан амаржих газарт эхний 8 сарын байдлаар 21 тохиолдол бүртгэгджээ.
Шалтгааныг тодруулахад Эрээнээс 3, интернетээр 2, Нарантуул захаас 3, Зүүн хараагийн захаас 4, хувь хүнээс 2 үйлчлүүлэгч зулбуулах эм авч уусан байна. ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Амгалан амаржих газарт үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч умай цоорсон 2 тохиолдлыг мэс заслын аргаар эмчилжээ.
Баянзүрх дүүрэгт байрлах Энхийн төлөө эмэгтэйчүүдийн /8 ортой/ магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан эмнэлэгт үйлчлүүлэгч Н нь 2018 оны 4 дүгээр сарын 5-нд үзүүлж онош нь 4-5 долоо хоногтой жирэмсэн эхэд эмийн зулбаа хийсний улмаас, хүндрэл гарч эмнэлэгт хандсан байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу 4 хуулийн этгээд, 3 эмчид 2 сая 900 мянган төгрөгийн шийтгэл оногдуулжээ. Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмслэхэд ямар нэг хүндрэл гардгаас гадна үргүйдлийн асуудалтай болдог тул жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, аль болох үр хөндөлт хийлгэхгүй байхыг НМХГ-аас зөвлөлөө.