Эхээс дөнгөж мэндлэхдээ гадаа жорлонгийн нүхэнд унасан нярайн амь насыг аварсан Цагдаагийн дэслэгч Б. Даваадоржийн гавъяаг үнэлж, Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэгээр шагналаа. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн өглөө жирэмсэн эмэгтэй жорлонд төрөөд хүүхдээ нүхэнд унагасан гэх дуудлага Цагдаагийн газарт ирж, дэслэгч Б. Даваадорж цаг алдалгүй очсон бөгөөд жорлонгийн гишгүүр модыг ховхлон нүхэн дотор орж, нярайг аварсан. Түүний шуурхай ажилласны ачаар эх, хүү хоёр эмнэлэгийн тусламж авч, нярай эсэн мэнд бойжиж байгаа юм.
“Цагдаагийн алдар” хүндэт тэмдгийг Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б. Энхбаяр Мандалговь хотод ажиллах үеэр дэслэгч Б. Даваадоржид гардуулсан өглөө. Тэрээр хэлэхдээ, “Хүний амь нас аварч, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа алба хаагчид олон бий. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Улаанбаатар хотод цагдаагийн дэслэгч Г. Ганбаяр 4 хүний амь насыг, ахлах дэслэгч Б. Бүрэнтэгш, Х. Ариунбат нар гурван хүний амь насыг түймрээс аварсан. Тэгвэл зургаахан хоногийн өмнө Дундговь аймгийн Цагдаагийн газрын дэслэгч Б. Даваадорж дөнгөж мэндэлсэн Монгол Улсын иргэнийг аварлаа. Цагдаагийн алба хаагчид маань нэр төртэй ажиллаж чадаж байна” хэмээн онцлон дурьдсан юм.
Гэхдээ бас нэг үхрийн эвэр доргихвол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг сайныг харлуулах явдал ч цагдаагийн албанд байгааг тэрээр сануулсан. Хэдхэн хоногийн өмнө цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдсан явдал Улаанбаатар хотод гарсан. Ийм сахилга хариуцлагагүй, ёс зүйгүй алба хаагч манай хууль сахиулагчдын эгнээнд багтах орон зай байхгүй, тийм нөхдөд хуулийн хатуу цээрлэлийг үзүүлж ажиллах болно” гэв. Дэд сайд Б. Энхбаяр цагдаагийн дэслэгч Б. Даваадоржид баяр хүргэж, ажлын амжилт хүсээд “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрдэнэт хүний амь аварч, цагдаагийн байгууллагын нэр төрийг өндөрт өргөсөн дэслэгч Б. Даваадоржид баярлалаа” гэв.
Эх сурвалж: МОНЦАМЭ