Яруу найрагч Р.Эмүжин охид эмэгтэйчүүдэд хандан үе үе ухаарлын үгс илгээдэг нэгэн. Аз жаргалтай байхын үндэс нь гоё сайхан бүхнийг эдэлж хэрэглэх хүслээр хязгаарлагддаг бүсгүйчүүдэд хандан тэрээр: Хэрэггүй ээ, хүүхнүүд ээ… Монгол гэрийн хаяанд можийтол зогсож байгаад хэдэн үг хэлчих үү?
1. Эр нөхөр чинь гүзээгээ дааж ядан, халтар өмдтэй, хазгай захтай цамцтай аахилж явахад та хажууд нь өндөр өсгийт дээр донжигонож, брэндийн шошготой цүнх худлаа савчаад хэрэггүй. Та ч бас арчаагүй харагдаж байна.
2. Хүүхэд чинь гэртээ утсаа маажаад, хийх ажил, хөгжих чиглэлгүй дөрвөн хананы дунд хориотой сууж байхад ээж та үсчинд өдрийг барж, маникюрт хямсаганаж суугаад яах юм. Сэтгэл зүрх чинь хов хоосон юм.
3. Гэрт чинь унших ном, учирлах ухаан байхгүй байхад та хувцасны дэлгүүрээр сэлгүүцэж, хуруундаа алт мөнгө зэрэгцүүлэн зүүгээд ч яалаа, үгүй ч яалаа. Муухай харагдаж байна.
4. Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцан, асуудлыг нь ойлгож амжихгүй байж найз хүүхнүүдтэйгээ хов базаж, хор хутгаад яана.
5. Нөхөр чинь ажлын хүнд, ачааны ихийг үүрэн, өвдлөө гэж дуугарч амжихгүй, өлслөө гэж хэлж чадахгүй нэрэлхэж явахад бүсгүй та гоё зураг, ганган мөчүүдээр нүүр хуудсаа дүүргэж жүжиглэх хэрэггүй, зүгээр л бодит байдлаа хар, дүгнэ, хамтдаа зүтгэ.
6. Ханийнхаа халаасыг хоосолдогтойгоо адил зүрхийг нь дүүргэж чадаж байгаа юу?
7. Болзож буй залуугийнхаа нүд рүү нь харахгүй байж машинд нь сэтгэлээ өгөх хэрэггүй. Машин таныг хайрлахгүй, хүн л хайрлана.
8. Нөхрийнхөө эрүүл мэнд, залуу насаа үрэн байж олсон мөнгийг эрээн даашинз, ээмэг бөгжинд үрэхдээ ханиа хамтад нь задгай зоос шиг хайр найргүй үрж байгаагаа нэг удаа ч гэсэн бодсон уу?
9. Таны загвар хөөсөн гоё гутал, ганган үслэг эдлэлийн тоосонд гэр бүлийнхний чинь боловсрол дарагдаж хоцордгийг мэдэх үү?
10. Хүүхэд чинь шүдээ угааж мэдэхгүй, шүд нь хорхойтчихоод байхад та холливуд смайл хийлгээд яах юм. Тэртэй тэргүй та нар хамтдаа хэн нэгнийд зочлоход нүцгэн үнэн холливуд смайлаар нүүрэн дээрээс чинь таныг шоолон инээх болно” хэмээсэн байна.
Өнгө мөнгөөр үнэлэгдэх болсон өнөөгийн нийгэмд аз жаргалын хэмжүүр таны хувьд юу болон хувирч буйг эргэн нэг харахад оройтоогүй биз ээ.
1 comment
долигнуур хүүхэн болио