“Вагоны аж ахуйн албанаас Төмөр замын техникумын анхны төгсөгч, ахмад төмөр замчин Б.Гэндэнсүрэнд хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зүйл гардуулж, Төмөр замын Ахмадын холбооноос “Тэргүүний ахмад” тэмдгээр энгэрийг нь мялаасан юм. Энэ үеэр нь ахмад төмөр замчинтай ярилцлаа.
-Та Вагоны ангийн анхны төгсөгчдийн нэг. Төмөр зам гэх тээврийн шинэ салбар дөнгөж сууриа тавиад байсан цаг шүү дээ?
-Би офицерийн сургуульд сурч байсан юм. Дайны үе тул хүүхдүүдийг дөрөвдүгээр анги төгсгөөд арай сурлагадаа сайныг нь цэргийн сургуульд сургадаг байлаа. Аравдугаар анги төгсгөөд академид сургаж, цэргийн дарга болгодог. Дөрвөн жил гаруй сураад наймдугаар анги төгстөл энх тайван цаг ч ирж, сургуулийг татан буулгаж, зарим хүүхдэд Төмөр замын техникумын хуваарь өгч явуулсан юм. Ингээд би 1954 онд техникумын II дамжаанаас нь сурсан.
Анх паровозын ангид машинч болохоор орж жил гаруй хугацаанд сурч байтал “Паровоз солигдож байгаа. Шинэ зүтгүүр ашиглана, одоохондоо ирээгүй байна” гээд вагоны анги болгосон. Багшаас “Вагоны анги гэдэг нь юу вэ” гэтэл “Чиргүүлийн анги” гэв /инээв.сур/. Ингээд вагоны ангид сурч, төгссөн дөө.
-Тухайн үед дандаа орос багш нар байв уу?
-Тийм, Орос багш лекц уншихад нь ер ойлгохгүй. Орчуулагч ч байгаагүй. Манай анги 27 хүүхэдтэйн 11 нь орос. Манайхнаас зарим нь орос хэлтэй, онц сурна. Би бол юугаа ч ойлгохгүй гурван жил сурсан даа /инээв.сур/. Төгсөх дөхөөд иртэл ангийн багш “Чи яаж төгсөнө дөө” гэж байна. Тэгэхээр нь “Ереөсөө л биеэ дайчлахгүй бол болохгүй нь” гэж бодоод цөөн хэдэн Орос үг цээжилж, хичээлээ толь ашиглаад хийх аядана. Хүүхдүүд тараад явахад би л ангидаа үлддэг.
Гэтэл улсын шалгалт болох гээд дипломын ажил эхэлж, хагас вагоны тооцоо хийх юм болсон шүү. Ангидаа нөгөөхөө зурах аядаад орой сууж байтал ангийн багш орж ирээд “Чи юу хийж байгаа юм” гэв. “Ёстой балраад байна багшаа. Би улаан нойл амьтан. Хагас вагоны тооцоо нь энэ. Одоо хар зургаа зурж сууна, та хар даа” гээд Оросоор хэлчихлээ. Тулсан, сандарсан үед орос үг ороод ирдэг юм байна. Тэгсэн багш “Тооцоогоо зөв хийжээ. Наад хар зургаа зураад хэрэггүй.
Чи чадах юм байна. Багш нь бэлэн зураг өгнө” гэлээ. Маргааш орой нь бас л үлдээд дипломын ажлаа нухаж суутал багш “Би бэлэн зураг өгнө. Улаанбаатар ТҮГ-ын дарга Чёрновыг таних уу” гэж байна. Би тэнд дадлага хийсэн болохоор танихаа хэлтэл “Тэр дарга дипломгүй. Одоо та нартай хамт төгсөнө. Харин чи дипломын ажлыг нь хийж өг” гэхээр нь гайхаад “Би яаж чадах вэ, онц сурлагатнуудаар хийлгэвэл дээр биш үү” гэтэл “Чи л хий, онцоос илүү онц нь чи байж” гээд юу хийхийг маань зааж өглөө. Тэгээд нухсаар байгаад дипломын ажлыг нь хийж өгсөн дөө. Үүнийхээ үр дүнд сургуулиа ч амжилттай төгссөн.
-Ажлын анхны гараагаа хаанаас эхлэв?
-1957 оны өвөл төгсөөд Сүхбаатар ТҮГ-т дагалдан слесарь болсон. Паровоз явж байсан болохоор дарга, цэрэг нь ялгагдахгүй утаа, тостой хар юмнууд л байдаг сан. Тэгээд слесарь, вагон үзэгч, ахлах үзэгч болж төдөлгүй ТҮГ-ын анхны Монгол дарга болсон. Гэтэл 1960 онд Зүүнхараагийн ачааны вагон засварын депогийн орос ахлах инженер буцах болж, оронд нь намайг томилох тухай Замын даргын тушаал гарсны дагуу гэр бүлээрээ шилжиж ирсэн. Тэндээ хэдэн жил ажиллаад дахиад шилжсэн дээ.
-Өөр тийшээ тушаал дэвшээд явсан юмуу?
-Зүүнхараад нэг сонин юм болсон л доо. Миний найз Ц.Цийлаа депогийн дарга байлаа. Манайх 100 гаруй ажилтантай, тасалбараар хооллодог. Тухайн үед дөрвөн голтой вагон орж ирээд хоёр голтой вагон ашиглалтаас гарч байсан учир 1959 онд даргадаа “Энэ вагоныг зүгээр хог болгож байснаас төмрийг нь металлд өгч мөнгө болгоод ачааг нь тоноглоод Атарын сангийн аж ахуйд заръя. Данс улайчихсан юм чинь ингэж мөнгө олъё” гэтэл “Маш зөв санаа байна” гэж зөвшөөрсөн. Ингээд төмрийг нь тушааж, кузовыг нь тоноглож Атарын сангийн аж ахуйнханд худалдав.
1960 он гэхэд депо маань дансандаа нэлээд мөнгөтэй боллоо. Тиймээс даргатайгаа “Одоо ажилчдаа бодож энэ мөнгийг мал аж ахуй болгоё” гэж ярилцаад тугалтай 10 үнээ, 10 гахай, 20 төлөг авлаа. 1962 он гэхэд мал маань ч өсч, ажилчдаа үнэгүй хооллодог болоодохлоо. Гэтэл 1963 онд санагдана, Сэлэнгэ аймгийн прокурор ирээд даргын өрөөнд дуудууллаа. Яваад ортол “Та хоёр улсын мөнгө шамшигдуулж, завшсан” л гэж байна. “Энэ их мал хөрөнгийг ямар мөнгөөр авав?” гэж байцаагаад, бид хоёр ч бүр эсэргүүн болов оо.
Тэр үед нь хонь өсч 100 гарсан, үхэр 40-50 орчим, гахай 70 гаруй болсон байлаа. Бүгдийг нь тайлбарлаад ч нэмэр болсонгүй, даргыг маань аймгийн мөрдөн байцаах газарт хориод, намайг албан тушаал буурууллаа. Би ч яах вэ, энгийн инженер болсон тул даргадаа л санаа зовоод байдаг. Сураг нь “Улсын хөрөнгө идсэн хэргээр шоронд орох нь тодорхой” гэж дуулдана. Арга олддоггүй юм билээ. Бүр бүхэл бүтэн зургаан сар мөрдөгдсөний эцэст зургаан сарын тэнсэнтэй сулласан. Ингэж л хаягдлыг хөрөнгө болгосныхоо хариуд эсэргүүн болж байлаа.
-Тэгээд дарга тань ажилдаа буцаж орсон уу?
-Би даргадаа “За найз нь ерөөсөө л Шарынгол явж ажиллалаа. Чи энэ нутгийн хүн, деподоо хөнгөн шиг ажил хийхийг бод” гээд Шарын голын төмөр замд очиж ажиллаад, депогийн дарга болсон. Анхны ерөнхийлөгч П.Очирбат тэр үед уурхайн ерөнхий инженер байлаа. Бид нэг хонхорт таван жил нэгнээ үгээр идэж, хамтран ажиллаж дотно нөхөрлөсөн дөө.
-Та төмөр замд нийт хэдэн жил ажилласан юм бэ?
– 34 жил ажиллаад 1991 онд тэтгэвэртээ гарсан. Сүүлийн 14 жилд нь Сүхбаатарын ТҮГ-т агентаар ажилласан. Энэ хугацаанд хийгээгүй ажил гэж бараг үгүй. Оросууд буцахаар орон тоо нь үлддэг. Зүүнхараад байхдаа гэхэд л вагоны инженерээс гадна тоноглолын инженер, хөдөлмөр хамгааллын инженерийн ажлыг давхар хийсэн. “Би яаж чадах вэ” гэхээр боловсон хүчин “Чамаас өөр чадах хүн байхгүй” гэж шахна. Орон тооных нь хүн ирэхгүй байхад зөвшөөрөхөөс өөр яах билээ. Иймэрхүү л түүхтэй ажиллаж амьдарч ирлээ дээ хүү минь.
М.Наранболд
Эх сурвалж: “Ганзам” сонин