Форум хийж яах гээд байгаа юм бэ гэдэг бол форумын өмнө асуудаг мөнхийн асуулт. Үүний дүнд бизнес эрхлэгчид, эрх мэдэлтнүүд хоорондоо зөвшилцөлд хүрч, амлалт өгөөд жилийн дараа олон нийтэд амлалтаа биелүүлж ямар үр дүнд хүрснээ тайлагнадаг ач холбогдолтой. Энэ удаагийн форумын салбар хуралдаануудаар ямар үр өгөөжтэй санал дүгнэлт гарсныг тоймлон хүргэе.
“Монгол Улсын Брэндинг” хурлын чиглүүлэгч Г.Баярхүү:
“Монгол Улсын Брэндинг” сэдвийн хуралдаанд заалны дүүргэлт их байсан нь цаг хугацааны хувьд анхаарууштай сэдэв гэдгийг илтгэж буй хэрэг болов уу. Бид уг хурлаар олон асуултанд хариулт олохыг зорьсон. Тухайлбал,
- Улсын брэндинг гэдэг ойлголт гадны орнуудад ямар байдаг,
- Тэд энэ асуудлыг биднээс өөр ямар өнцгөөс харж байна,
- Бидний гадаад ертөнцөөс ялгарах цор ганц ондоошил юу вэ,
- Үндэсний хэмжээний ижилсэл брэндингээ эхлүүлэх цэг мөн үү,
- Гадны төлөөлөгчид урихаас урьтаж бид өөрсдөө бэлэн байна уу гэх мэт асуултанд хариулт олохыг хичээлээ.
Хуралдааны үеэр 2 жилийн нүүрийг үзэж буй Үндэсний брэндингийн байгууллага бий болсныг дөнгөж энэ хурлаар л мэдсэн хүн ч харагдсан. Хэлэлцүүлгээс олсон гол саналуудын нэг нь энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудыг нэгтгэж, хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд үйл ажиллагаагаа байнга тайлагнаж, хамтарч ажиллах ёстой гэсэн санал байв. Түүнчлэн Монгол орны, монгол хүний найрсаг зочломтгой зан зэрэг брэндингийн индексүүдээр гаргасан судалгаан дээр суурилсан бодлого гаргаж, түүндээ зориулж бүтэц зохион байгуулах санал дүгнэлтэд хүрлээ. Ер нь бүх л салбар хуралдаанд орж үзэхэд монгол-хүн өөрийгөө таних талаарх асуудлыг хөндөж байна.
“Цахим шилжилт ба Блокчэйн” хурлын чиглүүлэгч Г.Энх-Болор:
Төр засаг “цахим шилжилт” гэдэг төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь иргэдийн төр засгийн үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, хувийн хэвшил-төр засгийн хамтын ажиллагааг дэмжих, иргэддээ төрөөс үзүүлж буй үйлчилгээг үр өгөөжтэй, түргэн шуурхай болгох ач холбогдолтой.
Хуралдаанаар төрийн зүгээс ямар шинэ технологийг ашиглавал илүү үр дүнтэй талаар ярилцсаны дотор “блокчэйн” технологийг онцолж, иргэдэд энэ технологийн талаар мэдээлэл түгээх талаар ярилцсан. Үүнд мөн иргэдийн хувийн санхүүгийн хариуцлагыг нэмэгдүүлэх тухай хөндлөө. Бид анх интернет гарч ирж байхад яаж хүлээж авсантай яг ижлээр “блокчэйн” технологийг бүгд сонирхож авч үзээсэй гэж хүсч байна.
Аливаа шинэ технологийг хэрэгжүүлэхийн тулд эко систем талаас нь авч үздэг. Тиймээс энэ технологийн бодлого, стратегийн ач холбогдол, хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэсэн Н.Учрал гишүүний амлалтыг авсан юм. Мөн инновацийг зөвхөн төр хийхгүй учраас технологийн гарааны бизнес хийгч залуусыг татварын орчинд хөнгөлөх замаар дэмжих шийдэлд хүрлээ.
“Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал” хурлын чиглүүлэгч А.Ундрал:
Өнгөрсөн жилийн Давосын чуулга уулзалтын үндсэн сэдэв байсан энэ ойлголт нь харьцангуй шинэ юм. Зөвхөн монголд биш, дэлхийн сэтгэгчид өөрсдөө ч үүнийг хөндөж ярих болж. Үүнийг шинэ сэдэв гэдгийг манай салбар хуралдаан дээр “сэдвээ ойлгохгүй байна” гэсэн асуулт гарч ирсэн нь бэлхнээ харууллаа.
Аж үйлдвэрийн ээлжит хувьсгал, цахим шилжилт бидний эргэн тойронд маш хүчтэй нөлөөлж, бидний мэддэг байсан олон зүйлсийг өөрчилж байна. Харин бид үүнд бэлэн үү? Хэрэв бэлэн биш бол хэн биднийг үүнд бэлдэж, манлайлах вэ? Трамп АНУ-ын ерөнхийлөгч боллоо. Их Британи ЕХ-ноос гарлаа… гэх мэт олон өөрчлөлтийг бид харсан. Яагаад хэн ч үүнийг мэдэрч, урьдчилж анхааруулсангүй вэ? Яагаад бүхнийг өнгөрсөн хойно дүгнэлт хийгээд байна гэдэг нь өөрөө бид манлайлагчийн хомсдолд орчихсон юм байна гэх санааг илтгэж байна.
Хуралдааны үеэр манлайллын хомсдолын шалтгаан нь үүний нэр хүндийг бид өөрсдөө унагачихсан юм байна, манлайллыг дахин шинээр тодорхойлох нь зүйтэй юм гэдэгт санал нийлсэн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидэнд манлайлал гэдэг зүйлийг хэтэрхий нэг талаас харуулж, өрөөсгөл болгочихсон учраас энэ үгний үнэ цэнэ агуулга өөрөө шал дээр унажээ.
Манлайлал бол зөвхөн өөрийгөө бодох биш, өрөөл бусдадаа нөлөөлөх, хүрээлэн буй орчиндоо санаа тавихын нэр юм. Нийгмийг манлайлах ёстой хүмүүсийн ирээдүйг тооцоогүй, харалган шийдвэрүүд өнөөдөр манай нийгмийг хямрааж байна гэдэг. Гэвч манлайлал аль нэг удирдагчаас биш, хамгийн доод түвшний энгийн иргэнээс, хүүхэд, гэр бүл, найзын хүрээллээс үүсч гарч байж том зургаараа хөдөлдөг.
Бид дэмий санаа ярилцаад өнгөрөхийг хүсээгүй тул хуралдаанд оролцогсдоос:
- Бизнесийн байгууллагыг үнэлдэг “Топ 100 аж ахуй нэгжийн жагсаалт”-д нийгмийн хариуцлагад хэр их хөрөнгө оруулалт хийж байна вэ гэсэн шалгуур үзүүлэлтийг нэмье.
- Хэлэлцүүлгийн үр дүнд бүгд өөрсдийн хүрээлэлдээ манлайллын талаарх ойлголтыг түгээж, хувь нэмрээ оруулъя гэсэн хоёр амлалт авлаа.
“Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, Төвлөрлийг сааруулах бодлого” хурлын чиглүүлэгч Д.Жаргалсайхан:
Манай форумыг үзэж байгаа хүмүүсийн тал гаруй нь хөдөө орон нутагт байдаг. Иймд бид орон нутгийн хөгжлийн асуудлыг тоо баримттай сайн ярьсан.
“Орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого” 1991 онд гарсан нь 2000 он хүртэл хэрэгжиж байгаад бүсийн зөвлөл байгуулагдаж, улмаар 2012 онд татан буугдсанаар энэ үлгэр жаргажээ. Ямартай ч бүсчилсэн хөгжлийн зохион байгуулалтаас болоод төсөв нэг хотод хэт төвлөрч, төр засгийн залгамж чанар алдагдсан, үзэл баримтлал бодлогын чанар үгүй болсон гэж дүгнэж болно.
Хэдий тийм ч Монгол Улс энэ хугацаанд аймгуудыг замаар холбож, холбоо цахилгааны дэд бүтэц байгуулжээ. Хэлэлцүүлгийн явцад цаашид хийх ёстой арга замын талаар олон санал гарсан. Тухайлбал,
- 2000 ба түүнээс цөөн хүн амтай сумаа цөөлөх.
- Орон зайны нөөцийн хэмжүүрүүдийг тодорхой болгох, их дээд сургуулиа хөдөө гаргах.
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ аймаг аймаг руу нь явуулах.
- Монголчуудын сэтгэлгээг өөрчлөх. Аймгийн засаг дарга нар албан тушаалаас өөр бодох юмгүй байна.
- Малчдаас авсан татвараар мал эмчилгээг янзалж, эрүүл мэндийн даатгал бий болгомоор байна.
- Дотоодын зах зээлээ хамгаалах. Импортыг бууруулах.
- Ерөнхийдөө төрийн байгууллагуудын улс төржсөн системийг болиулах, нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлж ойлгох.
- Эрдэс баялгийн шимтгэлийг өгөхдөө эрдэс баялаггүй аймагт ч бас өгөх. Өмнөговь аймгийн төсвийн өмчлөл Хөвсгөл аймгаас 10 дахин том.
- Байгаль соёл, түүхийн өв нутгаа тодорхойлж түүнийг давуу болгож ашиглахад анхаарлаа хандуулах зэрэг санал гарсан.
“Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” хурлын чиглүүлэгч Ц.Цэнд:
Манай салбар хуралдаан халуун яриа өрнөсөн, үр дүнтэй болж өнгөрлөө.
Хөдөө аж ахуйд яагаад бидний хүсэн хүлээсэн тийм хэмжээний хөрөнгө оруулалт орж чадахгүй байна вэ гэдгийн хариулт тун тодорхой. Хариулт нь эрсдэл өндөртэй, эргэлзээтэй салбар учраас. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл дандаа гадаа явж, бүтээгдэхүүн нь ган зудад нэрвэгдэх аюултай тул энэ салбар үргэлж хөрөнгө оруулалтын гадна үлддэг. Иймд энэ салбар дээр ажиллаж байгаа хүмүүс хөдөө аж ахуйг дэмжсэн банкийг жинхэнэ утгаар нь монголд бий болгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Өнөөдөр банкуудын олгож байгаа зээлээр хөдөө аж ахуйг авч явна гэдэг бизнес эрхлэгчдэд эрсдэл өндөртэй, ашиг багатай байна. Түүнчлэн:
- Хөрөнгө оруулалтын сан байгуулах.
- Хоёрдогч зах зээл буюу хувьцаа гаргах, бонд гаргах замаар хөрөнгө мөнгө босгох. Хоёрдогч зах зээл дээр ажиллах хүмүүсийг илүү их чадваржуулах.
- Дотоодын зах зээлийг гаднаас хамгаалж өгөх. Жишээ нь бид урд хөрштэй ноолуурын салбарт өрсөлдөж чадах уу гэсэн асуулт байна. Дотооддоо хийж буй барааны зах зээлийг бүрэн дүүрэн хамгаалах шаардлагатай. Бид нар өнөөдөр дэлхийн ноолуурын 45-55 хувийг бэлтгэн нийлүүлдэг.
- Экспортын асуудлыг төр бодлогоор санхүүжилтийг шийдэж өгөх. Бараа бүтээгдэхүүний хамгийн гол өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зүйл бол үнэ хямд байх явдал. Тийм учраас Хятадууд манай ноолуурыг хүүгүй хямдхан авч байгаа тохиолдолд монгол ноолуурын үнэ хямд байгаад байна. Төр үүнд зохицуулалт хий.
- Хөдөөг хөгжүүлэх бодлогыг бүс нутгийнх нь онцлогт тохируулж хий. Өмнөговьт хийж буй бүтээгдэхүүнийг яагаад заавал Ховдод хийх ёстой вэ гэдэг саналыг үндэсний үйлдвэрлэгчид хэлсэн.
- Манай хоёр хөрш батлан хамгаалах салбартаа маш их хөрөнгө зарцуулдаг. Бид Япон эсвэл Европын холбооны стандартыг хангасан барааг шууд үйлдвэрлэж чадахгүй юмаа гэхэд хоёр хөршийнхөө цэргийн салбарын хүнсийг махаараа, хонины ноосон хөнжлөөр яагаад хангаж болохгүй гэж? Засгийн газар хоорондын хэлэлцээрээр үүнийг ярьж шийдээч гэсэн санал гарлаа.