Монгол Улсад хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжлийн байгууллага алга
Хөгжлийн хос багана итгэлцэх нь
Энх улирал, их ажил айлссан зуны эхэн сарын завгүй өдрүүд үргэлжилж байна. Гадаа хавсаргатай ч Төрийн ордонд Монголын нөлөө бүхий эрхмүүд эдийн засгийн хамгийн халуун сэдвээр хэлэлцэж сууна. Монгол Улсын хөгжил, түншлэлийн гол талбар болсон Монголын эдийн засгийн чуулган энэ сарын 20- 21-нд ийнхүү үргэлжилж байна. Найм дахь жилдээ болж буй энэ удаагийн чуулган “Хүчээ нэгтгэе” уриатай. Ийн томъёолсон нь ч бас учиртай. Монголын хөгжлийн хос багана байх учиртай төр, хувийн хэвшлийн түншлэлд зай гарч, “хос” хоёр бие биедээ тунирхаад удлаа. Олон ааштай, хэлсэндээ хүрдэггүй хэмээн хувийн хэвшлийнхэн төрд гоморхоно. Хариуд нь албаныхан хууль журмаа дагаж мөрдөхийг бизнес эрхлэгчдээс шаардана. Тэгвэл ийм талцсан, тунирхсан харилцаанд цэг тавьж, хүчээ нэгтгэн, хөгжлийн төлөө хамтран зүтгэх цаг ирснийг Монголын эдийн засгийн ээлжит чуулганыг зохион байгуулагчид сануулж байна. Тиймээс эдийн засгийн чуулганы уриа ч, эхний хэлэлцүүлэг ч тэр төр, хувийн хэвшлийн харилцаа, хамтын ажиллагааг тойрон хэлэлцсэн юм. Ер нь аливаа түншлэл итгэлцэл нэхдэг хэмээн чуулганд оролцогч сануулж байна.
Тэгвэл манай төр, хувийн хэвшлийн итгэлцэл хэр бат бөгөөд гүн бэ. “Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхмын ерөнхийлөгчөөр ажиллаж буй 6-7 жилийн хугацаанд бид дөрвөн ерөнхий сайд, салбарын 60 сайдын нүүр үзлээ” хэмээн Б.Лхагважав хэлсэн. Төр ийм тогтворгүй байхад бид яаж итгэж, хамтран ажиллах билээ хэмээн бизнес эрхлэгчид ч хэлээд амжив. Хариуд нь Засгийн газар хуулийн хэрэгжилтийг хангаж, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарахаа амлалаа. Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн гурван тулгуурт бодлогод тулгуурласан Хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө чуулганы эхний өдөр танилцууллаа. Уг зураглалд Монголын хөгжилд нэн шаардлагатай 38.3 тэрбум ам.долларын 113 төслийг шигшин, хэрэгжүүлэхээр шийджээ. Тухайлбал, эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд 25.5 их наяд төгрөг өртөгтэй 77 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тэгвэл бизнес эрхлэгчид Хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэх мэт нийгэм, эдийн засгийн чухал бодлого, хөтөлбөрүүддээ хувийн хэвшлээ оруулахыг хүсэв. Учир нь баялаг бүтээгчдэд хамаатай бодлого, төлөвлөгөөнд төр бизнес эрхлэгчдийн саналыг сонсдоггүй төдийгүй гэнэт л танилцуулах хандлагатай байдаг хэмээн шүүмжилж байна. Учир нь хөрөнгө оруулагчид болоод бизнес эрхлэгчид Монголын эдийн засагт дэндүү чухал нөлөөтэй.
Тухайлбал, ДНБ-ий 80 хувийг бизнес эрхлэгчид бүтээдэг. Хэрэгжүүлэхээ дэлхий нийтэд амалсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хангах хөрөнгө оруулалтын 70 хувийг мөн хувийн хэвшил гаргана гэсэн тооцоо гарчээ. Тиймээс эдийн засагт ийм гүнзгий байр суурьтай бизнесийн дуу хоолойг сонсох нь чухал болохыг бизнес эрхлэгчид хэлж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сайжирсан. Үүнийг ч албаныхан Монголын эдийн засгийн чуулганы үеэр мэдэгдсэн. Энэ оны эхний улирлын байдлаар худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах салбар 35 хувиар өсөж, эдийн засгийн бодит өсөлт 6.1 хувьд хүрчихээд байгааг статистикийн байгууллагаас мэдэгдсэн. Гэхдээ энэ нь баяр хүргэх үзүүлэлт биш. Учир нь эдийн засгийн эдгээр эерэг үзүүлэлт гадаад хүчин зүйлээс хамаарсан өсөлт болохыг өнгөрсөн баасан гарагт танилцуулсан ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дөрөв дэх үнэлгээнд дурдсан юм. Тиймээс эрх баригчид гавьяа байгуулсан мэт баярлаж бус инфляцад сэрэмжтэй хандаж, эдийн засгийг гадаад цочролоос хамгаалахад анхаар гэж ОУВС-гаас зөвлөжээ. Үүнээс гадна, сүүлийн үед Засгийн газар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл болон Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулж, бизнесийн ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарч буйгаа мэдэгдсэн.
Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын орчин худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг Монгол Улсад хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжлийн байгууллага алга гэж дүгнэлээ. Мөн хөрөнгө оруулагчдыг татахын тулд бодлогын огцом өөрчлөлтөөс зайлсхийх хэрэгтэй гэж үзэж байна. Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг чиглэсэн Засгийн газрын бодлого үйл ажиллагаа зарим тохиолдолд байгаа онодоггүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх бүх төрлийн талбарыг тогтвортой, тууштай ашиглах нь чухал. Тухайлбал, МҮХАҮТ, АмЧам, Монголын бизнесийн зөвлөл зэрэг бизнесийн дуу хоолой болсон байгууллага цөөнгүй бий. Мөн Төр, хувийн хэвшлийн зөвлөл, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл зэрэг яриа хэлэлцээний механизмууд хэдийнэ бий болсон. Харин одоо үүссэн боломж, талбарыг тогтвортой ашиглах нь чухал гэдэгт оролцогчид санал нэгдлээ. Үүнээс гадна Засгийн газраас Дижитал шилжилт хэрэгжүүлж, төрийн мэдээлэл солилцооны системийг шинэчилнэ. Тэрчлэн Үндэсний хөгжлийн газрын дэргэд бодлогын судалгааны тинк танк байгуулахаар болжээ. Эдийн засгийн чуулганы эхний өдөр хөрөнгийн зах зээл, аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхайн талаар хөндсөн. Өнөөдөр буюу чуулганы хоёр дахь өдөр хөдөө аж ахуй, аж үйлдвэр зэрэг сэдвийг хөндөнө. Чуулганы хоёр дахь өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлэх аж.