УИХ-ын чуулганаар 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Жил бүр төсөв батлахдаа уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний экспортын үнэ, биет хэмжээг өөдрөгөөр төсөөлж, мөн долларын ханшийг төсөвт буруу тооцоолж ирснээс болж төсвийн алдагдал нэг талаараа нэмэгдэж ирсэн. Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа экспортын орлогыг бодит зах зээлийн тэнцвэржүүлсэн үнээр тооцсон гэдгийг онцолж буй.
УИХ 2018 оны төсвийг батлахдаа ам.долларын ханшийг 2501 төгрөг байхаар тооцсон бөгөөд өнөөдрийн байдлаар долларын ханш 2560 төгрөгөөс давсан. Сүүлийн хагас жилд ам.долларын ханш төсөвт тооцсоноос 60 орчим төгрөгөөр илүү байна. Харин 2019 оны төсвийн төсөлд ам.долларын ханшийг 2538 төгрөг тооцоолжээ. Хувийн хэвшлийнхэн болон үйлдвэр эрхлэгчид төсөвт тусгасан долларын ханшийг түшиглэн бизнесээ тооцоолж буй.
Хэдийгээр Монголбанк ам.долларын ханшийн огцом хэлбэлзлээс сэргийлэх үүднээс долоо хоногт хоёр удаа интервенц хийж байгаа ч ханшийн өсөлтийг зогсоож чадахгүй байгаа билээ. Монголбанкны зүгээс аль болох интервенц хийх уламжлалт аргаас татгалзаж, эдийн засгийн идэвхжлийг дэмжиж, хөрөнгө оруулалт татаж, валютын нөөцөө нэмэгдүүлэх замаар ханшийн тогтвортой байдлыг хангах зорилтыг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлд тусгажээ.
1 comment
__l_ _l__ , (0)))