АНУ-ын поп од Тэйлор Свифт Ням гарагийн үдэш анх удаагаа улс төрийн үзэл баримтлалаа олон нийтэд зарлаж, удахгүй болох конгрессын сонгуульд Ардчилсан Намын нэр дэвшигчдийг дэмжихийг фэнүүддээ уриалжээ. “Өмнө нь би өөрийн улс төрийн үзэл баримтлалыг олон нийтэд дэлгэхээс зайлсхийдэг байсан.
Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд миний хувийн амьдралд болон дэлхий дахинд тохиолдсон хэд хэдэн үйл явдлын дараа би өөрөөр боддог боллоо” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна. Түүний нийтлэл Инстаграм сүлжээнд эхний нэг цагийн дотор 360,000 лайк цуглуулжээ. Свифт “Арьсны өнгө, хүйс, бэлгийн чиг хандлагаас нь үл хамааран бүх Америкчуудын эрх ашгийн төлөө тэмцэх хүсэлгүй хүнд би саналаа өгч чадахгүй” гэсэн нь Теннеси мужид Бүгд Найрамдах Намаас нэр дэвшиж байгаа Марша Блэкбурныг хэлсэн хэрэг байв.
Түүнийг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Түүхийн туршид Бүгд Найрамдах Намынхан ялдаг байсан Теннеси муж энэ удаагийн сонгуулийн халуун цэгүүдийн нэг болж байгаа. Сүүлийн санал асуулгаар энэ мужид хоёр намын нэр дэвшигчид ойролцоо үзүүлэлттэй өрсөлдөж байгаа нь харагдсан юм. Свифт өмнө нь Сенатад сууж байхдаа Блэкбурныг эмэгтэйчүүдийн эсрэг, ижил хүйстнүүдийн эсрэг шийдвэрт саналаа өгч байсныг дурдаад оронд нь Сенатад Ардчилсан Намын Фил Бредесен, төлөөөлөгчдийн танхимд Ардчилсан Намын Жим Күүпер нарыг дэмжихийг уриалжээ.
“Муждаа нэр дэвшиж байгаа улс төрчдийг сайн судалж, өөрийнхөө үнэт зүйлийг хамгийн сайн төлөөлөх хүний төлөө саналаа өгөөрэй. Бидний хувьд өөртэйгээ 100 хувь санал нийлэх улс төрч, улс төрийн намыг олж чадахгүй байх. Гэхдээ ямар ч байсан хэн нэгнийг сонгох ёстой” гэж дуучин бүсгүй фэнүүддээ уриалсан байна.
Эх сурвалж: The Guardian