Сониуч үзгээр…
Бөмбөрцөгийн хүн ам нийгэмшиж, нийгэм өөрийн өнгө төрхөө олох тусам арилжаа наймааны төлбөрийн арга хэлбэр ч даган өөрчлөгдөж байв. Монгол амьдралаас жишээ татвал ямар уу. Төлбөр тооцоо манайд хамгийн эхлээд зарим эд зүйлийг нэг хонь, хоёр хониор тооцсон, бартер буюу бараа солилцооны хэлбэртэй байжээ. Төдөлгүй бараа солилцоог хонийг бодвол авч явахад арай хялбар гэхдээ хоньтой дүйх хэмжээний үнэ ханштай алт, мөнгөн ембүү орлох болов. Бараа таваар солилцооны амьд амьтан ийн арай жижигрээд деталь хэлбэр лүү шилжсэн ч дээрэм халдлагад өртөх аюул дагуулсан тэрхүү чамгүй хүнд алтан, мөнгөн ембүү зоосон мөнгөнд халаагаа өгсөн байна.
Хэтэрхий их металл зарцуулагдсан, тоо ширхэгээр олон, хаягдаж үрэгдэхдээ амархан зоосон мөнгө ийнхүү ахиад хувьсан өөрчлөгдөж цаасан мөнгө болов. Мөн л эв дүй муутайхан үйлдвэрлэгдсэн том том мөнгөн дэвсгэртүүд цаг хугацааны явцад жижгэрч худалдаа наймаа, төлбөр үйлчилгээний хэрэглээг зохицуулсаар ирсэн ч эрсдэл дагуулдаг тул асар их хэмжээний мөнгөн гүйлгээг чекээр хийх болсон юм.
Харин цахим технологийн эрин үед хүмүүс худалдан авалт хийхэд цаг бага зардаг, дэлгүүр худалдааны газарт оочер дараалал үүсгэхгүй, бохир заваан биш гэх мэт олон шалтгааныг чухалд тооцон төлбөрийн картыг “шүтдэг” болжээ. Ийнхүү хүмүүс банкны дансаа халааслаад явдаг болов. Хулгайд алдаж, хаягдаж үрэгдүүлсэн ч нууцлалын түлхүүр буюу пин кодтой, найдвартай энэ хэрэгсэл цаг хугацаа хожих боломжийг давхар олгож байгаа. Америкийн санхүүгийн зах зээлд 1950-аад оноос төлбөрийн карт нэвтэрснээр дэлхий нийтээрээ аюулгүй байдал болон хамгаалалт сайтай, орлого зарлагын гүйлгээг цахим сүлжээгээр хийдэг болж мөнгө моодноос гаргах эхлэлийг ийнхүү тавьсан байна.
Д.ХАЛИУН