Дундад зууны харанхуй үед баруун Европт байсхийгээд шулам тодруулдаг байв. Бүр анх Ирландын Килкенни хотноо 1324 оны арваннэгдүгээр сард Элис Кайтелер хатагтайн зарц бүсгүй Петрониллаг Христийн шашны аврагдагсдын тооноос хасч, амьдаар нь шатаасан эх сурвалж бий.
Харамсалтай нь Петронилла бүсгүйн дараа Европ даяар 100 мянган хүн амиа алдаж байсан юм. Шулмын ангуучлал XVI зууны дунд үеэс улам идэвхжиж 200 жилийн дараа л эцэс болсон түүхтэй. Хүн төрөлхтний түүхэнд үлдсэн энэ толбыг харанхуй дундад зуун хэмээдэг. Шулмын тухай яриа хэзээнээс яаж эхэлсэн талаар өчнөөн таамаг дуулддаг. Дундад зуунд хүчээ авсан шулам агнах солиорлыг байгалийн гамшгаас эхлэлтэй гэсэн таамаг бий.
Шинжлэх ухааны нээлтүүд хийгдэж амжаагүй тэр үед тахал, түүхий уснаас үүсдэг хордого, гэдэс ходоодны өвчин тархсан нь хүмүүсийг шулмын ид шидэнд итгэхэд хүргэсэн хэмээдэг. Шулмын ангуучлалын түүхийг сөхөхөөр бас нэг хачирхалтай үзэгдэл анзаарагддаг. Элит давхаргынхан шулмын ангуучлалд идэвхийлэн оролцож явсан жишээ өчнөөнөөрөө тоологддог юм билээ. Английн жентельмен, өндөр боловсролтой Мэттью Хопкинс гэхэд л гэрийнх нь гадаа цугладаг тариачин бүсгүйчүүдийг 1645 онд шулам гэж зарлаж байв.
Мань эр өөрийгөө шулам таньдаг гэж шуугиулж талхны хөрөнгө гашилж, мах муудахад хүртэл хэн нэгнийг буруутгаж шулмаар тодруулж байсан гэдэг. Зөвхөн энэ эрийн нөлөөгөөр 1645 онд 200 хүнийг шулмаар зарлан шатааж байж. Тариачид, захын худалдаачид, эрдэмтэн профессорууд гээд шулмын эгнээнд багтагсад нийгмийн давхарга бүрт байсан юм. Шинжлэх ухааныг үгүйсгэсэн шашны зүтгэлтнүүдийн муйхарлал шулмын ангуучлалын түүхийг зузаатгасныг дэлхий нарыг тойрч эргэдэг гэх үзлээсээ болж шатаалгасан Жордано Бруногийн түүх баталдаг.
Энэ харанхуй түүх тэгсгээд мартагдсан ч өнгөрсөн зууны дунд үед түүхчид дундад зууны шулмын ангуучлалыг шинээр нээсэн байдаг. Нацист Германы еврейчүүдийн эсрэг бодлогоос эхлээд АНУ-ын Иракт үй олноор хөнөөх зэвсэг хайсан он жилүүд шинэ шулмын ангуучлалд багтана гэсэн сонирхолтой гаргалгаа бий. Ямар нэг үл үзэгдэх, үл тэмтрэгдэх дайсны зураг бүтээж ард түмнийг айдаст автуулж, тэр айдсыг нь хэн нэг хүчтэн зогсоодог үйл явдлууд хүн төрөлхтний түүхэнд өрнөсөөр байгаа нь үнэн. Иймэрхүү үзэгдэл эдийн засгийн хямрал, төрийн идиалоги солигдох үед хүчээ авдаг гэсэн тайлбар дуулддаг.
Тэгэхээр хүн төрөлхтний шулмын тухай солиорол дундад зуунаар дуусаагүй байх нь. Хэн нэгнээ шулмаар зарлах шалтгааныг ухаад харахаар дундад зуунаас өнөөг хүртэлх бүх шалтгаан хэтэрхий өнгөц, гэнэн, жижиг байж. Гэдэсний өвчин тусах, хордлого болох, мах муудах, талхны хөрөнгө гашилах, шашны мухар тайлбарыг хамгаалахын тулд гэмгүй нэгнийг шулмаар зарласаар ирсэн байх юм.
Шалтгаан нь бүр томорлоо гэхэд л сүр нөлөөгөө ихэсгэх амбицтай аль нэг гүрэн нийтэд аюултай дайсан зохиохын тулд хэн нэгнээ шулам болгосоор ирж. Манай түүхэнд ч ийм түүх өчнөөнөөрөө бий. Хэлмэгдүүлэлтийн үед гэхэд л сайхан эхнэртэйнхээ төлөө, сайн ажилласныхаа төлөө ардын дайсан болсон хүмүүс цөөнгүй. Нийгмээрээ хийрхсэн ийм үе өнгөрсөн зууны Монголын түүхэнд ганцаар тогтохгүй. Орчин үед шулмын ангуучлал хаана явж байна гээ, нийгмийн сүлжээнд. Цахим орчинд хэн нэгнийг шулам болгож агнах шиг амархан зүйл алга.
Фэйсбүүк, твиттер гээд олны хамарсан сүлжээ идэвхжсэн цахим орчинд бусдыг урьтаад шулмаар зарлаж, “шатаах” бүрэн боломж байна. Үүгээрээ бид аюултай цагт амьдарч байгаа улс. Сошиал ертөнцөд сайн сайхан, гэрэл гэгээ ч дүүрэн, эсрэгээрээ хүнийг амьдраар нь үгүй хийх ийм хүч бас бий. Хамгийн тод кейс бол мүүн. Мүүн гэсэн нэр дор хичнээн хүнийг шулам болгож зарласныг тоолох аргагүй. Боловсролын салбарт хувь нэмрээ оруулж яваа жирийн нэг бүсгүйг лав шулам болгож харагдуулж, хэсэгтээ л хэцүү байдалд оруулсан.
Дараахь нь жижигхэн хэрнээ хэлэхээс аргагүй нэг жишээ бол төрийн ёслолын идээний ул боовыг тэгш тоогоор зассан явдал. Таваг зассан үйлчилгээний ажилтан цаанаас өгсөн ул боовонд тааруулж идээгээ зассан байж таарна. Сошиалаар сэвсэн шиг ардын дайсны санаа гаргаж таваг засна ч гэж юу байхав. Цахим ертөнц дэх “шулмын ангуучлал”-д өртсөн үйлчилгээний хэдэн ажилтан ажилгүй, хоолгүй болоод л дууссан.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллах үед сошиал дахь ангуучлал тод анзаарагдаж байв. Хэлсэн үг бүрийг нь мушгиж, хийсэн үйлдэл бүрийг нь элэглэж шившиглэсээр суудлаас нь буулгасан. Үгээ бодохгүй, цэнэхгүй хэлчихдэг сул тал мань эрийн гэм ч гэлээ бүтээсэн юмтай Ерөнхий сайдуудын нэг байсан нь бас бодитой үнэн. Гэвч сошиал дахь “шулмын ангуучлал” Н.Алтанхуягийг алиа марзан нөхөр төдий болгочихсон.
Ер нь сошиалын ангуучлал аюултай. Хэн нэгнийг “шулам”-аар зарлаж, нийгмийг цочроосон мэдээллээр бөмбөгдөж үзэн ядуулсны эцэст ангуучилсан хүнээ хэн ч биш болгодог. Н.Энхбаярын өлсгөлөн зарлаад бухимдсан үедээ гаргасан авирыг харуулсан бичлэг байна. Тийм нөхцөлд орсон хүнтэй хууль, хүчнийхэн яаж харьцсаныг масс мэдэхгүй. Эвгүй харьцсан болоод таагүй ааш гаргасан байх өндөр магадлалтай. Гэсэн хэр нь салаавчаа гаргаж хашхирч буй экс Ерөнхийлөгчийн бичлэг цацагдах үед ингэж харсан хүн байгаагүй.
Ингэж харуулах зорилгогүй бичлэг учраас Н.Энхбаярыг зүхсэн олныг буруутгахад бас хэцүү. Шуудхан хэлэхэд нийгмийн сүлжээн дэх нэгнийгээ намнаж байгаа энэ дүр зураг 1937 оны хэлмэгдүүлэлтээс ялгарахааргүй харагдаад байх юм. Дундад зууны харанхуй үед хэн нэгнийг бүхнээс урьтаж шулмаар тодруулж шатаасан нь хожиж амьдарсан. Өнөө ч ялгаагүй. Сошиал сүлжээнд хэн нэгнийг түрүүлж шившиглэсэн нь хождог болж.
Хэлмэгдлийн үед хэлмэгдэгсэд үр удмаараа хохирч явсныг өнөөдөр дурсан ярих амьд гэрч олон бий. Хэлмэгдэгсдийн хүүхдүүдийн сургуульд сурах эрхэд нь халдаж, чадлаараа ахиж дэвшээд амьдрах боломжийг нь хүртэл хааж байсан нь өнгөрсөн түүхийн гашуун үнэн. Шулмын ангуучлал гаарсан дундад зуунд амьдаараа шатаалгасан хүний дөрөвхөн настай охиныг есөн сар шоронд хорьсон хэцүү явдал хүн төрөлхтний түүхэнд бичигдээд үлдчихсэн.
Өнөөдөр ч ялгараад байх юм алга. Сошиалд шившиглэгдсэн хүний хүүхдүүд наад зах нь сургуулийнхаа орчинд адлагдаж яваа. Сошиалд хэн нэгнийг шившиглэсэн хувь хүний үйлдэл ямар балагтайг энэ мэтээр дурдаад байвал барагдахгүй. Хүний мууд дурласан, шулмын ангуучлалд донтсон хувь хүнээс гадна өчнөөн зуугаараа тоологдох вэб сайтууд, бас хэн нэгнийг шившиглэхэд хувь нэмрээ оруулж байна. Энэ өнцгөөс харахад вэб сайтын хамрах хүрээг зохих албаныхан анхааралдаа авах цаг болчихсон. Бүр тодруулж хэлбэл Харилцаа холбооны зохицуулах хорооны хийх учиртай ажлын нэг мөнөөсөө мөн.
Өнөөдөр вэб сайт бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вэб сайтад гарч буй мэдээлэл бүр сэтгүүлчийн бичсэн зүйл гэсэн ташаа ойлголт хавтгайраад байна. Зүй нь хэвлэл мэдээлэл гэсэн тодорхойлолтод хэн багтах вэ гэсэн шалгуураар шүүгээд харвал маш олон вэб сайт хэвлэл мэдээллийн салбарт хамаарахгүй. Өөрийн гэсэн редакцитай, буух эзэн буцах хаягтай, бичсэн, нийтэлснийхээ үнэн мөний төлөө хариуцлага хүлээх чадвартай хуулийн этгээд л хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн тойрогт багтана. Энэ шалгуурт багтах вэб сайт тун цөөн.
Ихэнх нь редакцигүй, бичсэн мэдээллийнхээ төлөө хариуцлага хүлээх эзэнгүй, шуудхан хэлэхэд нүүрээ нууж бусдыг шившиглэдэг фэйсбүүк, твирттерчдээс ялгарах юмгүй. Хүсвэл хэн ч аль нэг вэб сайтыг тавхан минутын дотор байгуулчихаж дөнгөнө. Зөвшөөрөл энэ тэр гэж цаг хугацаа авдаггүй учраас хариуцлага, үүргийн тухай ярих аргагүй. Тэгэхээр хувь хүнтэй адилхан гээд харчихад болохгүй юмгүй.
Харамсалтай нь ийм вэб сайтуудыг сэтгүүл зүй гэж андуураад байна. Сэтгүүл зүй гэсэн малгай дор багтах мэдээллийн хэрэгслүүдийн хувьд редакцигүй вэб сайтуудаас тэс ондоо. Дахиад хэлэхэд сэтгүүл зүй бол редакцитай, өөрийн гэсэн бодлого чиглэл, мөрддөг дүрэмтэй хуулийн этгээд. Вэб сайтуудтай хамаатай инээд барсан, өмнөөс нь ичмээр олон үйл явдал болох юм. Сүүлийн жишээ гэхэд сэтгүүлчийн асуултад хариулахгүй суугаа Н.Багабандийн бичлэг байна.
Намынх нь хурал дөнгөж эхэлж байхад урьдчилж авсан зөвшөөрөл ч үгүй давхиж очоод хурлын үр дүн асууж шалах лав мэргэжлийн сэтгүүл зүй биш. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж явсан хүнийг тэс хөнлөн зөрүүд гөжүүд өвгөн мэтээр харагдуулж сошиалаар сэвэх нь мэргэжлийн сэтгүүл зүй гэдэгт тодорхойлолтод хэтэрхий жижигдэнэ. Зөвшөөрөл авч, утга учиртай асуулт тавьж хандсан бол өөр хэрэг. Тэгээгүй, мэргэжлийн бус ажилласан учраас сошиалаар хэн нэгнийг шулмаар зарлаж, шившиглэж байгаагаас ялгаагүй зүйл болчихсон.
Тэр бичлэг сошиалаар цацагдах үед “Дөнгөж эхлэх гэж байгаа хурлын үр дүнгийн тухай яг юу ярих вэ?” гэсэн асуулт тавьсан хүн мөн л байгаагүй. Мэргэжлийн зарчмаар ажиллаагүй, сошиалаар сэвсэн учраас тэр. Хариулах аргагүй асуулт тавьчихаад шантаажилж байгаа аятай камераар бичээд цацахыг мэргэжлийн ёс зүй гэхгүй. Саяхан Эрдэнэтийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бичлэг цацагдав. Хурлын дарга нь нэг хүнээс хэн болохыг тодруулахад өнөөх нь вэб сайтаас оролцож байгаа гэж хариулж харагдсан.
Хариуд нь хурлын дарга “Бид гэрээтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээ хуралдаа суулгах учиртай. Хэн нэг утастай хүн орж ирээд хурлын бүх процессийг цацаад байвал хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэг байна уу. Хэрвээ дурын хүнд ийм боломжийг нээж өгөөд байвал албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаад яах юм бэ” гэж хэлнэ лээ. Толгой дохихоос аргагүй үг. Уг нь энэ үгийг орон нутгийн хэн нэг дарга биш, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд хэлж суух учиртай. Янз бүрийн арга хэмжээнүүдийн үеэр аппарат үүрчихсэн явж байдаг хижээл насны эр наадмын нээлтийн гэрэл зургийн сурвалжлага хийнэ гээд мандат авчихсан явсныг санаж байна.
Фото сэтгүүл зүй гэдэг аппарат үүрсэн хүн бүрийн сонирхол хоббигоороо хийдэг салбар бас биш. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дансгүй, ардаа байгууллагагүй сайн дурын зурагчдыг сэтгүүл зүйн нэг хэсэг гэж харах аргагүй. Ямар нэг үйл явдал боллоо гэхэд редакцигүй сайтууд, сайн дурын зурагчид битүү шавдаг нь нийтлэг үзэгдэл болоод удаж байна. Мэргэжлийн хэвлэл мэдээллийнхэн бужигнаж байвал өөр л дөө.
Аль нэг албан тушаалтан шуугиан тарьсан сэдвээр мэдээлэл хийлээ гэхэд мэргэжлийн сэтгүүлчид нотолгоо үнэн хайсан асуултуудаар “бөмбөгдөж”, мэргэжлийн фоточид асуултаас бултсан улайсан сандарсан төрхийг нь аппаратандаа буулгасан халуун уур амьсгалтай хэвлэлийн хурал сүүлийн үед үгүйлэгдэх болсон нь бодитой үнэн. Хэн нэгнийг шантаажилж мөнгө олох зорилгоор ажилладаг нэр нь танил болоогүй вэб сайтын төлөөллийн асуух асуулт тодорхой, тэр зүг рүү л чиглэнэ.
Сайн дурын зурагчдын хувьд халуун агшныг буулгах гэхээс илүү, хэтэрхий жижиг зорилгоор халуун үйл явдлуудыг зорьдог нь нууц биш. Д.Оюунхорол гишүүний зөвхөн нүдээ аних агшныг анаж, амжиж авсан кадраа зарж суудаг гэрэл зурагчныг фото сэтгүүл зүй гэсэн тойрогт оруулах боломж хэтээсээ байхгүй. Сэтгүүл зүйд асуудал болсон энэ үзэгдэл дундуур мэргэжлийн сэтгүүлчид нь асуултаа тавьж, фоточид нь аппаратаа шажигнуулж, операторууд нь камераа чиглүүлж яваа.
Гэхдээ хэт хавтгайрсан мэргэжлийн бусынхантай холилдохоор сэтгүүл зүйн жинхэнэ мэдээ, чанартай нийтлэл, даацтай нэвтрүүлгийн агуулга чансаа бүдгэрч харагдаад байна. Чуулганы танхимын нээлт хаалтын сурвалжлага, халуун асуудал өрнөсөн хуралдааны үеэр бүр хэцүү зураг харагддаг.
Чуулган, байнгын хорооны танхимын зай талбай хэмжээ хязгаартай. Төдийгөөс өдий хүртэл мэргэжлийн зарчмаараа ажиллаж байгаа редакциуд цөөн тооны сэтгүүлчээ хязгаар шалгууртайгаар парламентын сурвалжлагчаар ажиллуулсаар ирсэн жишиг бий. Гэтэл сүүлийн үед редакцигүй сайтууд, сайн дурын фоточдын арми ордон хавиар багшралдах болсон нь бодитой үнэн. Ямар ч харилцаа хуулийн дор, журмын хүрээнд, тодорхой хязгаартайгаар өрнөдөг жам, жишигтэй.
Тэгэхээр Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой зохицуулалт хийдэг газрууд хэвлэл мэдээллийн хэрэгслийн рейтингийг тогтоож ангилах цаг болчихож. Хэвлэл мэдээллийн редакцийн эрхлэгч нар, телевизийн захирал, вэб сайтын удирдлагуудын өмнө сошиалаас сэтгүүл зүйгээ ялгаж харуулах үүрэг ирчихээд байна. Дахиад хэлэхэд хэвлэл мэдээлэл, сошиал хоёр тэнгэр газар шиг ялгаатай.
Ялгаа нь маш тодорхой. Сошиалаар хэнийг ч шившиглэж болно. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл хуулийн дор ажилладаг учраас хэн нэгнийг шившиглэх эрхгүй. Зөвхөн үнэнийг гэсэн зарчим дор ажилладаг. Хуулийн дор ажилладаг хэсэгтээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх эрхийг өгч, цэгцэлж авахгүй бол олон нийт сүүлдээ сошиал, мэргэжлийн сэтгүүлчдийн алинд нь ч итгэхээ байх нь. Юу ч хэлээд бултаараа үнэмшихээ байчихвал яах вэ.
Юунд ч итгэхгүй хүмүүсээс бүрдсэн нийгэмтэй болчихвол яах бол. Төсөөлөхөөс ч зугтмаар асуулт. Дахин онцлоход цагт нэг шулам тодруулах чадалтай гээд бодохоор сошиал хүчтэй. Жинхэнэ шулам биш, жирийн л нэг иргэнийг сошиалд идэвхтэй сая гаруй нөхөд нэгэн зэрэг шившиглэхэд л хүний амьдрал хувь тавилан сүйднэ гээд бодохоор сошиалыг сэтгүүл зүйгээс ялгах, ангилах эрэлт бодит утгаараа үүсчихээд байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”