Сэхээтэн гэж яг ямар хүнийг хэлэх вэ. Сэхээтнүүд яагаад заавал манай эх оронд, бидэнд тийм чухал хэрэгтэй юм бэ. Тэгвэл Т.Бат-Оргилыг энэ цагийн оюунлаг сэхээтнүүдийн нэг гэж хэлж болно. “Тод тусгал” түүнтэй өнөөгийн нийгэм, залуус, шинэчлэл, мөн нийгмийг манлайлж авч явах учиртай сэхээтнүүд хаачсан талаар ярилцлаа.
-Бид нар Монгол гэж цээжээ дэлдэж, тарваганы мах идэж, айраг уухаас өөрцгүй хүмүүс болчихож.Та залуу хүн. Монгол залуусын маань нэг хэсэг мундаг боловсролтой, ухаалаг болжээ. Гэтэл нөгөө хэсэг нь улам л харанхуй, бүдүүлэг болоод байх шиг санагдах юм. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Энэ бол манайд соёлын асуудал бүрэн орхигдсонтой холбоотой. Соёл, урлаг хоёрыг хооронд нь хольж ойлгодог болсон. Үүнийг би ганцаараа хэлж байгаа юм биш. Би болон манай нөхөд их удаан хугацааны ажлын дараа ийм дүгнэлтэд хүрсэн.
“Реформ” клуб гэж бий. Энэ клуб маань нийгмээ шинэчилье, өөрчилье гэж хүссэн хүмүүсийг цуглуулаад их олон удаагийн ажлыг зохион байгуулсан юм. Тэдгээр олон ажлын эцэст манай улсын болохгүй байгаа бүх зүйл бид өөрсдөө соёлын уналтанд орсонтой шууд холбоотой болохыг ойлгосон.
Бид соёлыг хөгжүүлж чадаагүй учраас дагаад эдийн засаг хүртэл уналтанд орсон. 1990 онд систем нурж унасан цагаас хойш соёлын талаар ямар ч ажил хийгээгүй, нэг ч албан ёсны арга хэмжээ авалгүй өдий хүрсэн.
Үүнийг бид зүгээр нэг хэдүүлхнээ цуглаад дүгнэчихээгүй. Мэргэжлийн хүмүүстэй нь уулзаж ярилцаж, хамтарч судалж байж ийм дүгнэлтэд хүрсэн юм шүү.
-Тэгвэл соёл гэж яг юу вэ. Яагаад тийм чухал юм бэ?
-Хүмүүс соёл гэхээр нэг их ойшоодоггүй л дээ. Эдийн засаг, хууль, эрх зүй, инженерчлэл гээд том блокууд байна гээд төсөөлчих. Барилга барихын тулд тоосго хэрэгтэй хэдий ч тэр тоосгонуудыг чинь хооронд нь зуурмагны тусламжтайгаар барьж, тогтоодог биз дээ.
Миний хэлсэн салбаруудыг блок нь, харин тэр зуурмагийг нь соёл юм гэж ойлгож болно. Нийгмийн бүх салбарыг. Өөрөөр хэлвэл тэр блокуудыг чинь соёл хэмээх зуурмаг хооронд нь нийлүүлж, тогтоон барьж байх ёстой юм л даа.
-Таны хэлснээр хүн соёлгүй бол хэчнээн өндөр боловсролтой байгаад нэмэргүй гэж ойлголоо?
-Тийм ээ. Ер нь бол муу хүн боловсролтой болох тусмаа улам л аюултай болно уу гэхээс нийгэм, эх орондоо хэзээ ч хэрэг болж, сайн зүйл бүтээхгүй шүү дээ. Соёл гэдэг чинь өөрөө их том ухагдахуун. Боловсон ёс бол зөвхөн нэг хэсэг нь.
Соёл өөрөө дотроо ахуйн соёл, техникийн соёл, хэл бичгийн соёл гээд олон янз. Соёлыг бий болгодог нэг чухал хүчин зүйл бол үндэсний тэмдэг чанар. Үүнийг олон улсад national identity гэдэг.
Хэчнээн мундаг физикч, эсвэл химич байлаа гээд үндэсний ёс уламжлалаа, түүхээ, соёлоо мэдэхгүй бол тэр хүн монгол хүн биш ээ. Тэр хүн бол зүгээр л Монгол улсын иргэний үнэмлэхтэй хүн ам төдийхөн юм.
Аливаа улсыг эзэлье гэвэл бол миний ярьсан шиг хоосон хүн амыг нь эзлэх шиг амархан юм байхгүй. Харин миний хэлсэн үндэсний тэмдэг чанараа тээж явагчийг эзэлж, буулгаж авах бол тун хэцүү зүйл. Харамсалтай нь бидэнд ийм үндэсний тэмдэг чанар бараг байхгүй болоод бүдгэрчихэж.
Бид зүгээр л Монгол гэж цээжээ дэлдэж, тарваганы мах идэж, айраг уусан хүмүүс л болж хувирлаа. Энэ чинь бид монголчууд гэдгийг нотлох зөвхөн ахуйн хүрээний шинж чанар шүү. Бид өөрсдийгөө монголчууд гэдгээ нотлохын тулд нэг нэгнээ хайрладаг, нэгнийгээ дэмждэг, хамтарч хийдэг байх ёстой. Энэ бүхэн устаж алга болсон нь бидний соёл үгүй болсонтой шууд холбоотой. Тэрнээс биш айхтар компьютер хэрэглэдэг, тоо боддог, англи хэлтэй байснаараа мундаг эх оронч болчихгүй.
Бид хүүхдүүддээ амьдралын ухааныг яаж зааж, сургах ёстой юм бэ. Өнөөгийн залууст зөв ухаан дутаад байх шиг?
Энэ бол ерөөсөө л хөдөлмөр. Хүнийг хөдөлмөр бий болгосон. Би зарим залуусыгаа хараад их харамсдаг.
Харахад нэг л сайхан залуучууд яваад байдаг. Өөрийгөө тордож, өөрийгөө л болгож, хувиа хичээхээс өөр юу ч сонирхдоггүй. Дандаа амиа хичээсэн бэртэгчингүүдийг бид хүмүүжүүлж байна. Ийм хувиа хичээсэн бэртэгчин залуус чинь нэг нэгнээ дэмжиж, бие биедээ туслахгүй болохоор нөгөө Алунгоо эхийн домог шиг тус тусдаа хоосон ярихаас цаашгүй болчихлоо.
Өөрөөсөө өөр юу ч сонирхдоггүй хувиа хичээгсдийн бүхэл бүтэн армийг хүмүүжүүлсэн учраас хүнд зөвхөн хөдөлмөрөөр л бий болдог хөдөлмөрч, шаргуу, хамтач тэр зан төлөвийг бид үр хүүхэддээ суулгаж өгч чадсангүй. Ингэхгүйгээр зүгээр нэг хүүхдээ хажуудаа суулгачихаад хоосон загнаж зандраад нэмэр байхгүй л дээ.
Wisdom буюу дэлхий нийтээрээ амьдрах ухаан гэж ойлгодог зүйлийг манай монголчууд хар ухаан гэж ойлгож, тайлбарладаг болж. Хэн хар ухаантай, овсгоо самбаатай нь сайд болно ч гэж ярьдаг болчихлоо шүү дээ?
Энэ бол манай нийгэм золбирсны шинж. Гудамжны тэнэмэл хүмүүсийн дунд амьдралын ямар хууль үйлчилдэг билээ. Яг тэр хууль дүрэм чинь манай нийгэмд давамгайлчихлаа.
Бид зүгээр нэг эгэл жирийн хүн байх ёстойгоо мартчихсан шүү дээ. Тэгээд нэг л их бусдыг хардаж сэрдсэн хүмүүс. Нэг гаднын хорон санаат нөхөр гэнэт гарч ирээд бидний сайн сайхан төлөвлөгөөг бүгдийг нь баллачих гээд байгаа мэт сэтгэлгээ бид бүхний дунд бий болчихлоо.
Дэлхий тэр аяараа Монголыг л нэг хорлочихъё гэсэн сэтгэлгээтэй болчихсон тийм үү.
Энэ бүх тэнэг бодлууд маань биднийг хэзээ ч сайн юманд хүргэхгүй. Бид өөрсдөө өөрсдийнхөө юу болохгүй байгааг дүгнэж цэгнэх цаг нь болсон. Манай нийгмийн оюун ухаанд нь эергээр нөлөөлж чадах хүчин зүйл байхгүй болчихсон нь бидний хамгийн том гамшиг юм.
Нийгмээ манлайлаад авч явах хэсэг бүлэг хэрэгтэй байна. Тэр нь төр засаг, УИХ огт биш ээ. Ренчин гуай орос хэлнээс орчуулж болохооргүй нэг үгийг их чухалчилж хэлсэн байдаг. Тэр бол совесть гэдэг үг.
Үндэстний маань совесть нь миний хэлээд байгаа тэр бүлэг манлайлагч хүмүүс болох ёстой. Тэр хүмүүс бол нүгэл, буяныг ялгах чадвартай, бусад хүмүүс бүгдээрээ үгийг нь сонсдог тийм л хүмүүс байх учиртай юм.
Хууль бол хязгаарлагдмал үйлчилгээтэй эд. Тэр хуулинд ёс суртахууны зарим зүйлийг тусгаж заахаа мартсан ч байж болно. Харин ёс суртахуун бол бичигдээгүй хууль шүү. Нийгмийг манлайлагч тухайн бүлэг хүмүүс нүгэл буян, зөв бурууг ялгаж салгаж чаддаг болохоороо тэр ёс суртахууныхаа тусламжтайгаар нийгмээ удирдаж авч явдаг юм. Харамсалтай нь 1990 онд нийгэм задрахад бид нарыг манлайлж авч явсан хүмүүс маань барьц алдсан. Тэр хүмүүсийн өмнө нь итгэж үнэмшиж явсан бүх зүйл нь эргэлзээтэй, худлаа болчихсон.
Ингээд нөгөө манлайлагч бүлэг хүмүүс маань юу бодох ёстойгоо, яаж биднийг манлайлах учраа мэдэхээ байсан нь бодит үнэн. Тэгээд оронд нь зүгээр нэг наймаа хийдэг бизнесмэн гэх мэтийн хүмүүс биднийг манлайлж, бидний үлгэр дуурайл болж эхэлсэн биз дээ.
Эсрэгээрээ нөгөө манлайлж авч явах ёстой оюунлаг хэсгийнхэн зүгээр л гэртээ суугаад зурагтаа үзээд бухимдаж суудаг бүлэг хүмүүс болж хувирсан. Гэтэл угтаа бол өнөөдрийн манай нийгэмд тэр оюунлаг, чиглүүлэгч хэсгийнхний зориг зүрх, заавар зөвлөгөө хэрэгтэй байна.
Зориггүйгээр хий хоосон шүүмжлээд бухимдаад суух нь бидний зорилго огт биш шүү гэдгийг би энд онцолж хэлмээр байна. Миний хэлээд байгаа манлайлагч хүн гурван шалгуурыг хангасан байх ёстой. Бусдыгаа гэсэн сэтгэл, мэдлэг, зориг гурав. Энэ гурвын аль нэг нь дутах юм бол тэр хүн манлайлагч байж чадахгүй.
Бусдыгаа гэсэн сэтгэл байхгүй бол тэр хүн мянга мэдлэгтэй, зоригтой байгаад нэмэргүй. Зүгээр л нэг дээрэмчин, луйварчин гарч ирнэ. Бусдын төлөө сэтгэл, мэдлэг нь байгаад зориг байхгүй бол манай өнөөгийн гэртээ бүгчихээд зурагтаа үзээд хоосон бухимдаад яахаа мэдэхгүй суудаг үхмэл сэхээтнүүд гарч ирнэ.
Харин хоосон зоригтой бол зүгээр л нэг баатар хүн. Ийм хүн дайны үед хэрэг болдгоос энхийн цагт нэмэр болохгүй л дээ. Тэгэхээр энэ гурван шинж чанарыг хослуулж, өөртөө цогцлуулсан хүмүүс л нэг нэгийгээ олж, энэ улс орныхоо өнгө нь, дуу хоолой нь болмоор байна.
Монголчуудад агуу тэмүүлэл алга
-Тэгээд таны бодлоор юу хийх ёстой гэж?
-Би яг энэ сэдвээр өнгөрсөн оны сүүлээр нэг ном гаргасан. “Жигүүртнээс дээгүүр” гэдэг нэртэй. Энэ номыг яг тэр гэр гэртээ хоосон бухимдаад сууж байгаа хүмүүст зориулж гаргасан юм.
Уг нь бол бид нар нэгдэх ёстой. Ардчилал гэдэг засаглалын маань энэ модуль чинь өөрөө дэлхий даяар хоцрогдоод хуучирчихлаа. Үр дүнд нь хааа сайгүй хямрал нүүрлэчихлээ. Уг нь бол ардчилал гэдэг чинь ард түмэн өөрийгөө засна гэсэн үндсэн гол зарчим шүү дээ. Гэтэл энэ зарчмыг хэрэгжүүлэх гэхээр өнөөгийн энэ орчин нь өөр болчихсон, дээр нь мэдээлэл өөрөө нээлттэй болчихсон.
Ийм нөхцөлд нөгөө хуучин модуль чинь ажиллахаа больчихож байгаа юм. Монголд энэ байдал бүр ч яруу тодоор илэрч байгаа. Тиймээс миний хэлэх зүйл бол сэхээтнүүдийн нэгдлийг юуны түрүүнд бий болгох ёстой. Ийм нэгдэлгүйгээр зүгээр нэг засгийн газрыг нөгөөгөөр солиод ямар ч нэмэргүй.
Үндэсний эе гэж байдаг. Энэ эе улстөрчдөөс эхлэхгүй ээ. Юм боддог, түүнийгээ бичдэг, сэтгэдэг хүмүүс гэж байдаг. Ийм хүмүүс нь нэгдэж, ард түмнээ манлайлж явах ёстой.
Бидэнд идеалоги хэрэгтэй. Энэ хэдэн улстөрчдөд бол ямар ч идеалоги алга. Намууд ч мөн ялгаагүй. Баруун, зүүний хуваагдал нь алга болчихсон биз дээ. Тэгээд зүгээр л нэг эдийн засгийн бүлэглэлүүдийн хэн нь төсвийг түрүүлж захиран зарцуулах уу гэдэг уралдаан л явж байна даа.
Энэ бүлэглэлүүдэд хаашаа явах, ямар санааг яаж хөгжүүлж, хэрэгжүүлэх үү гэдэг идеалоги огт алга. Ямар ч ажлыг хийхийн тулд эхлээд санаагаа олдог биз дээ. Бид нар амьдрал дээр анд явах гэж байна уу, эсвэл жимсэнд явах уу гэдгээсээ шалтгаалаад юуг, яаж бэлдэж авч явах уу гэдгээ шийддэг биш бил үү.
Бид өөрсдийгөө ухамсарлах хэрэгтэй байна. Манай үндэстэн гэдэг чинь хэн юм бэ гэдгээ эхлээд таньж мэдэх ёстой. Бид нар үндэстэн гэж их ярьдаг боловч энэ нь яг ямар ойлголт юм гэдгээ одоо болтол тодорхойлж чадаагүй яваа.
Түүх сөхвөл үндэстэн гэдэг ойлголт XIX зуун хүртэл огт байгаагүй. Улс орон, ард түмэн гэдэг л ойлголт байсан. Тийм ч учраас миний яриад байгаа үндэсний тэмдэг чанар гэдэг чинь маш чухал зүйл.
Бидэнд үндэсний тэмдэг чанар байхгүйгээс нэг их бие биенээ, эсвэл хятадуудыг үзэн ядсан, тэгсэн мөртлөө хаа хүрэх ёстойгоо мэдэхгүй, зорилгогүй, зүгээр л нэг I Phone утасны дараагийн загварыг хүсэн хүлээдэг хүмүүс болчихжээ.
-Та хэрвээ өнөөдөр, эсвэл маргааш ерөнхийлөгч юм уу ерөнхий сайд болчихвол хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Манай нийгмийн энэ олон асуудлууд чинь гэнэт нэг хүн ганц шийдвэр гаргаад шийдвэрлэчих тийм хялбар асуудал биш болчихжээ. Эрүүл мэндийн шинжлэх ухааны хэллэгээр бол системийн өвчин л юм даа. Зүрхийг нь эмчлэх гэхээр уушиг нь тэрийгээ дийлэхгүй. Тэгээд уушгийг нь эмчилье гэхээр бөөр нь нөгөөхөө хүлээж авч чадахгүй байх жишээтэй.
Гэвч хэн нэгэн агуу баатар гэнэт гарч ирээд биднийг аврахгүй ээ. Тиймээс бид өөрчлөлтийг өөрөөсөө л эхлэх хэрэгтэй. Бүр их жижигхэн зүйлээс эхлэх учиртай.
Бидний хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудал бол замын хөдөлгөөн гэдгийг хэлмээр байна.
-Замын хөдөлгөөнийг зохицуулж чадахгүй байгаа төр засаг бусад ямар ч асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг шулуухан хэлчихье.
-Улаан, ногоон гэрэл харсаар байтал нүдэн дээр нь ээлжилж асч байгаа шүү дээ. Ийм байхад бие биенээ хүндлээд ээлжлээд зорччихож чадахгүй байгаа ард түмэн өөр том өөрчлөлт, хөгжил дэвшлийг хүсээд нэмэргүй ээ.
Ардчиллын тухай бол бүр яриад ч хэрэггүй. Нью-Йорк хот саяхан болтол дэлхийн хамгийн аюултай хотуудын тоонд ордог байсан. Гэвч тав, зургаахан жилийн дотор амьдрахад хамгийн таатай хот болж өөрчлөгдсөн. Рудольф Жулиани гэдэг хотын захирагчийн хийсэн гавьяа бол ерөөсөө л энэ.
Ингэхийн тулд гэмт хэрэг, хууль бус явдлын гол үүр уурхай болсон метрогоо шинэчилж, өөрчлөхөөс эхэлсэн байдаг. Үүнтэй адилхан бид Улаанбаатар хотоо, эх орноо өөрчлөхийг хүсч байгаа бол жижигхэн зүйлээс. Замын түгжрэлээс эхлэх ёстой. Тэгэхгүйгээр мянга хятадуудыг, гадныхныг үзэн ядаад, хаа холоос буруугаа хайгаад ямар ч нэмэргүй. Дахин давтан хэлье. Бид өөрчлөлтийг өөрөөсөө л эхлэх ёстой.
-Манай залуус гадаад хэл сурах хүсэл мөрөөдөлтэй болсон мөртлөө үзэж судлаад эхлэнгүүтээ явцын дунд айхтар их шантарч байгаа нь ажиглагддаг. Та англи хэлийг яаж сурсан туршлагаасаа залуустай хуваалцаач?
-Хэл сурах их амархан. Хэл сурах их хэцүү. Хэл гэдэг бол зүгээр л нэг симболууд.
Ээж гэдэг үгийг буюу симболыг чи англиар mom гэж харж уншаад цээжилчихэж болно. Ийм маягаар чи өдөрт таван үг цээжилсээр байгаад хагас жилийн дотор хангалттай олон үгтэй болж бас болно.
Гэвч хэлний хамгийн хэцүү зүйл юу вэ гэвэл хэл бол сэтгэхүй. Хүний бодож байгааг хөрвүүлж байгаа симбол буюу долгионы онолоор бол дохио юм л даа. Үгийг цээжилж болно. Харин тэр үгээ боддог, тэгээд орчуулдаг болно гэдэг хэл сурахын хамгийн хэцүү нь.
Хятадуудтай наймаа, бизнес хийдэг хүмүүс сайн мэднэ. Хятадууд ойлголцоход хамгийн хэцүү хүмүүс. Би тэдэнтэй ойлголцдог болохын тулд хятад хэл сурч эхэлсэн юм. Тэгээд хэлийг нь үзээд ойлголцоод эхлэнгүүтээ үүний учрыг олсон л доо. Хятадуудын хэл бол англи, солонгос, япон хэлнээс шал өөр сэтгэхүй, өөр хэл гэдгийг.
Би юу гэж хэлэх гээд байна гэвэл хэл сурна гэдэг чинь өөрөө хүнийг олон янзаар бодож сэтгэдэг болгодог давуу талтай. Эхлээд үгээ уйгагүй цээжлэх чинь буруу биш, зөв. Гэхдээ үгээ цээжилсний хойноос чихээ онгойлгох хэрэгтэй. Ингэхийн тулд бага хэмжээний хүүхэлдэйн киноноос эхлээд бусад киног сайн үзэх, цаашлаад ном сайтар унших хэрэгтэй. Бас гадаад мэдээг ч дөмөгхөн үзэх ёстой. Мэдээж явцын дунд мэдэхгүй зүйлс гарч ирвэл тэрийг чинь тайлбарлаад өгчих сайн англи хэлтэй хүн дэргэд чинь байвал бүр л сайн. Их дөхөм болдог юм.
-Ерээд онд “Аж богдын харуул” дууг дуулж олонд танигдах үеийн Бат-Оргилоос өнөөдрийн Бат-Оргилыг хүртэл дандаа төгс сайн хүн яваагүй байх. Алдаж оносон зүйл бий л биз дээ?
-Би бол өөрийгөө тавь, тавин хувьтай өөрчлөгдсөн гэж боддог. Сайн нь ч бий, муу нь ч бий. Худлаа асар их зүйл сурч, мундаг залуу болж өөрчлөгдсөн гэж яриад яахав.
Манай нийгэм ч мөн адил тэгж л өөрчлөгдсөн. Гэхдээ би Прадогийн зарчимд итгэдэг. Прадогийн зарчим гэдэг нь тухайн болохгүй байгаа зүйлийг үүсгэж байгаа учиг шалтгааны голлох 20 хувийг олоод засчихвал амьдрал 80 хувь сайжирна гэж үздэг.
Манайх шиг манан будантай нийгэмд болж бүтэхгүй байгаа ужиг өвчнийхөө учир шалтгааны 20 хувийг олж эмчлэх замаар 80 хувь сайжирна гэдэг чинь үсрэнгүй хөгжил болно. Шууд Өмнөд Солонгосын түвшинд очно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бидэнд амьдралаа өөрчлөх боломж байхгүй, биш байгаа. Гол нь бидэнд зориг, мэдлэг, сэтгэл гурав хэрэгтэй.
-Та шүтлэгтэй юу. Шашин нийгмийн хөгжилд ямар үүрэг гүйцэтгэдэг талаар яривал их зүйлийг ярьж болно, тийм үү?
-Би шүтлэгтэй. Гэхдээ миний бурхан хэн гэдгийг би мэдэхгүй. Будда, есүс, мухамед аль нь юм бүү мэд. Гэвч нүгэл, буяны дэнс гэж байдгийг харин ч би мэднэ.
Магадгүй энэ нь зүгээр нэг алгоритм байж мэдэх юм. Чи өнөөдөр ийм буруу зүйл хийвэл дараагийн үедээ ингэж ял эдэлнэ шүү гэсэн програмчлагдсан хууль дүрэм байдаг гэсэн үг л дээ. Нэг ёсны биднээс илүү ухаантай, нарийн зохион байгуулагдсан алгоритм гэсэн үг.
Харин би энэ бурхан гээчийг эрх мэдэл болгон хувиргаж, түүгээрээ дамжуулж бусдыг удирдах гэсэн институчлэгдсэн байдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Надад таалагддаггүй юм. Ямар нэгэн Ромын пап, эсвэл далай лам, аятолла гэх мэт.
Гэвч хүнд багш гэж байх ёстой. Багшийг бол би хүлээн зөвшөөрнө. Тэр нь заавал шашин шүтлэгтэй холбоотой байх албагүй. Цагаан толгой заахаас эхлээд бусад олон зүйл дээр хүнд багш хэрэгтэй шүү дээ. Тиймээс би бурхны шашны ном дор мөргөмү, багшдаа мөргөмү, бурхандаа мөргөмү гэдэг зарчмыг үнэхээр зөв гэж боддог. Тэрнээс биш надад ямар нэгэн шашны дарга байх ёсгүй. Намайг тэр хүний ярьсанд итгээгүйн минь төлөө шийтгэж болохгүй биз дээ.
-“Реформ” клубээ яагаад байгуулах болсноо ярьж өгөөч?
-Энэ клуб их урт удаан хугацаанд бүрэлдэж бий болсон. Анх 1995 онд Хууль зүйн яаманд шинэхэн төрийн албан хаагч орж байлаа. Тэгээд дотор нь ороод үзэж харлаа. Хэсэг хугацаанд зүтгэсний эцэст гадагшаа явж сурах хэрэгтэй юм байна гэдэг шийдвэрт хүрсэн.
Гадаадад очиж сураад өөрийн дүгнэлтээ хийж эхэлсэн. Би эхлээд бизнесийн, дараа нь төрийн захиргааны мастераар суралцсан. Эргэж ирэхдээ харин Монголд яг нэг тийм улс төрийн машин бий болчихож гэдэг дүгнэлтэд хүрсэн. Зүйрлэх юм бол 1910-аад оны үеийн Америкийн нийгэм юм даа. Одоо бид үүнийг засахын тулд ямар арга хэмжээ авах уу гэж бодож эхэлсэн.
Тэгээд хэд хэдэн модулыг туршиж үзэхээр шийдсэн. Эхний хэдэн оролдлого амжилтгүй болсон. Харин сүүлийн хэдэн оролдлого. Ялангуяа эрүүл мэндийн салбарт туршиж үзсэн зүйлс маань тун чиг амжилттай болсон.
-Ямар загварчлалыг яаж туршсан юм бэ?
-Ер нь бол энгийн нэгэн платформ буюу тухайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд цуглараад салбарынхаа бодлогын гол гол баримт бичгүүдэд дүгнэлт хийх. Хийсэн дүгнэлтэндээ тулгуурласан зөвлөмжүүдийг төрд гаргаж өгнө гэсэн л санаа.
Төр гэдэг чинь дандаа авлигачид, буруу санаатнууд бас биш юм аа. Төрд зөв бодолтой, сэтгэлтэй, чадвартай хүмүүс нэг бус ажиллаж байгаа. Тэр хүмүүсийг олж, хамтарч ажиллаж, гүйцэтгэх засаглал-олон нийт, хууль тогтоох байгууллага-олон нийт гэсэн мэргэжлийн гурвалжин холбоосыг үүсгэх учиртай. Ингэснээр бид нийгэмдээ эерэг өөрчлөлтүүдийг богино хугацаанд хийх боломжтой болно.
Манай нийгэмд нэгт соёлын, хоёрт эрх зүйн хувьсгалыг маш яаралтай хийхгүй болохгүй.
Ингэхгүйгээр манай улсын эдийн засаг сэргэхгүй, бид хөгжихгүй.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин
4 comments
Ene Xaltaruudiin bodol hend hamaatai bna aa. Jorlongiin tsaas shig ym yrisan bna. HAHHAHAHAH. Zahiin xaltuurnii jolooch iim ym yrina doo :))
Бүх соёлын эхлэл хэлний соёл, Монгол хэлээ зөв ухагдхуунаар бус ярианы хавсрага болговол сэтгэхүй хөгждөггүй
Өөрөөсөө өөр юу ч сонирхдоггүй хувиа хичээгсдийн бүхэл бүтэн арми OMG yaag unen
Dotroos n luuhaanii ur sad, gadnaas n hujaa solongosuud mongoliig huvaaj idej duusgahiiin tuluu uraldaj bna.Tiimees hujaagaas har tamhinii unegui surgalt, solongosoos yanhandaltiin unegui damjaanuud neegdseneer zadgai zambaraagui niigem telj bna.Deer n uur utsaar, heruul hardalt, ush honzon, uvchin zovlongoor duuren solongos dramuudad tarhia ugaalgan teerhiin tembuun deeree tarhinii tembuutei hun sureg bolj huvirlaa.Suuliin 20 jil tur barisan MANANgiin ardchilsan udirdagch, darga ,said nar n usvur zaluu ueiig ,tsunh barigch,bie hamgaalagch, hulsnii biee unelegch, alban tushaaliin heneeten,avilgiin mergejilten bolgon humuujuullee.Mongoliig uls shig uls bolgoyo gevel odoogiin turiig udirdan chigluulegch MANAN iin bulegiig, tednii zalgamj halaatai hamt undseer n zailuulah arga zam l uldsen.Uur shiidel ugui….