Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг Нью-Йорк болон Хонг Конгийн Хөрөнгийн биржээр арилжаалах талаар судлан танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Сумьяабазарт чиглэл болгов. Сонголт хийхдээ хөгжиж байгаа орнууд, тэр дундаа манай зах зээлийн талаарх хөрөнгө оруулагчдын мэдлэг, төрийн өмчит болон уул уурхайн салбарын компаниуд хувьцаа гаргаж байсан туршлага, зах зээлийн үнэлгээ зэрэг ерөнхий үзүүлэлтийг голлон анхаарна.
Мөн хувьцааг хамгийн богино хугацаанд олон нийтэд анх удаа санал болгон хөрөнгө босгох, арилжааны дараах зохицуулалт харьцангуй энгийн байх зэрэг тусгайлсан үзүүлэлтийг харгалзах юм. Нью-Йоркийн болон Хонг Конгийн хөрөнгийн бирж нь хамгийн их хөрөнгө босгодог эхний таван биржийн жагсаалтад тогтмол ордог бөгөөд хөрөнгө оруулагчид хамгийн их бүртгүүлдэг байна.