Уран чадварлаг илтгэж сурах нь хүн болгонд заяагаад байдаггүй авьяас, нэг төрлийн ховорхон чадвар юм гэдгийг Платон, Аристотелиэс эхлээд олон хүн санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн байдаг. Мэргэжлийн өндөр түвшинд илтгэж сурна гэдэг хөдөлмөр, авьяас, мэдлэг шаардсан ажил гэж хэлж болно. Тэгвэл Тоастмастерс олон улсын боловсролын байгууллагын гишүүн Тоастмастерс Монгол байгууллагын Илтгэлийн үндэсний аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн саяхан болж өнгөрлөө.
Англи хэл дээр чөлөөт сэдвээр таваас долоон минутын илтгэл тавьдаг тус тэмцээнд Тоасмастерс Монгол байгууллагын салбаруудаас 30 гаруй илтгэгч оролцож, шилдэг есөн илтгэгч аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарчээ. Гишүүдийнхээ харилцааны болон манлайллын чадварыг хөгжүүлэх үндсэн зорилготой, 94 жилийн түүхтэй Тоасмастерс Интернэшнл нь 143 улсад 16.600 клуб, 357.000 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.
Дэлхийд алдартай AT&T, Bank of America, Chevron, eBay, Google, Microsoft зэрэг компаниуд Тоастмастерсийн клубыг дэргэдээ байгуулж, ажилтнуудаа манлайллын болон харилцааны чадварт сургаж, ажлын байран дахь бүтээмжийг эрс сайжруулдаг гэдгийг онцлох хэрэгтэй. Харин Тоастмастерс Монгол үндэсний байгууллагын хувьд 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө Эрдэнэт үйлдвэр, MBC Tiger, Англи хэлний академи, Вагнер Ази компани, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк зэрэг байгууллагуудын дэргэд нийт арван клуб үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Тус байгууллага “Where leaders are made” уриан доор Үндэсний хоёрдугаар чуулганаа Илтгэлийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний хамт нийслэл хотноо 500 гаруй зочид төлөөлөгчдийг оролцуулан энэ сарын 6-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Чуулганы үйл ажиллагаанд анх удаа Тоастмастерс Интернэшнл олон улсын байгууллагын 2015-2016 оны дэлхийн ерөнхийлөгч Жим Кокочи уригдаж илтгэл тавих бөгөөд тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллахаар болжээ. Үндэсний аварга шалгаруулах тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг http://www.facebook.com/events/840988236291450/ холбоосоор сонирхоорой.