Онлайн худалдааны аварга компани Амазон өчигдөр түүхэн шийдвэр гаргаж, АНУ дахь ажилчдынхаа цалингийн доод хэмжээг цагийн $15-аар тогтоолоо. Энэ шийдвэр нь тус компанийн 250,000 үндсэн ажилтан, 100,000 гэрээт ажилтны ихэнхийн амьдралд шууд нөлөөлөх юм.
Долоо хоногийн ажлын цагийг 40 гэж тооцвол Амазоны АНУ дахь хамгийн бага цалинтай ажилтан жилд $30,000-ыг авахаар болж байна. Амазон компанийг бага цалингаар хүмүүсийг ажиллуулдаг гэсэн шүүмжлэл байнга гарч, Вермонт мужийн сенатор, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Берни Сандерс цалингийн доод хэмжээгээ өсгөхийг тус компанийн гүйцэтгэх захирал Жэф Безост уриалж байв. Амазоны шийдвэрийг магтан сайшаасан мэдэгдлийг Берни Сандерс өчигдөр бас гаргасан байна.
Амазоны босс өөрөө жилийн $81,840-ийн цалинтай, хамгийн даруу захиралд тооцогддог. Гэхдээ Амазоны 80 сая хувьцааг эзэмшдэг нь Безосыг $165 тэрбумын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн баян хүн болгож байна. Өнгөрсөн онд түүний хөрөнгө огцом өссөн бөгөөд сүүлийн 12 сарын дотор $82.6 тэрбумын хөрөнгө нэмж олсон юм. Үүнийг нь хөрвүүлж үзвэл Безос саяны тогтоосон стандартаар Амазоны хамгийн бага цалинтай ажилчны жилийн цалинг 11.5 секунд тутамд олсон байна.
Блүүмбергийн тооцоолсноор Безосын орлого Америкийн дундаж өрхийн орлогоос 2,687,125 дахин өндөр, хөрөнгийн хэмжээ нь АНУ-ын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 0.85 хувьтай тэнцдэг гэнэ. Гэхдээ энэ удаагийн цалингийн шинэчлэл зөвхөн АНУ-д үйлчилж байна. Амазон компани АНУ-аас бусад дэлхийн улс орнуудад 575,000 ажилчинтай юм.
Эх сурвалж: Quartz