Дэлхийн рекордыг эвдэж, шилдэг 24 тамирчинтай халз өрсөлдөн, ой тогтоолтын чадвараараа дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдсэн 16 настай З.Цэцэгзул охины үг цээжлэх арга туршлагаас уншигчиддаа хүргэе. Түүний талаар товч танилцуулбал, Монгол хүний оюуны чадамжийг дэлхийд цуурайтуулж яваа энэ охин шинэ үе сургуулийн 11 а ангийн сурагч, Монголын Оюун ухааны академийн тамирчин юм.
З.Цэцэгзул охин 30 минутын дотор 3540 цифр цээжилж, нэг минутад 26 хүний нэр, зүс царайг түгдрэхгүй тогтоож чаддаг. Оюун ухааны спортоор 12 настайдаа хичээллэж эхэлсэн ба тууштай зан, уйгагүй хөдөлмөр түүнийг амжилтанд хүргэсэн байна. Хэдийгээр энэхүү спортоор хичээллэх дуртай ч ирээдүйд интерьер дизайнерын мэргэжилээрээ дэлхийд танигдах мөрөөдөлтэй аж. Ингээд түүний зөвлөмж танд ч бас хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
- Гадаадууд хүний нэр, зурагтай зүйлийг маш сайн цээжилдэг.Харин монголчуудад энэ нь хэцүү байдаг. Миний хувьд нэр, зүс царай цээжлэхдээ царайнаас нь онцлог төрхийг нь хараад нэртэй нь холбож төсөөлж цээжилдэг.
- Scott гэдэг нэртэй том хамартай хүн байлаа гэхэд скоч гэж цээжлээд маш том хамартай тэрийгээ жижиг болгох гээд аймаар их скочдоод гэж төсөөлж цээжилдэг.
- Надад цифр бүр үг, утга болж харагддаг.Юу гэхээр 0-99 хүртэлх тоог гурав, гурван үгээр орлуулаад тогтоочихдог юм л даа. Тэгэхээр надад цифр биш үг болж, үг нь утга болж харагдана гэсэн үг. Тэгэхээр цээжлэхэд маш дөхөм байдаг.
- Тухайн цифр ямар байрлалд байгааг нь харж байгаа аль нэг үгийг нь сонгоод бусад үгтэй нь холбоод төсөөлж цээжилдэг.
- Ямар ч хөдөлгөөнгүй удаан суугаад юм цээжилнэ гэдэг бас тийм амар зүйл биш л дээ. Гэхдээ дуртай болохоор орхиж чаддаггүй.
- Нэг зүйлийг эхлүүлсэн бол тууштай байх хэрэгтэй
- Биеэ даах нь маш чухал юм. Сонголт гарах бүрт бусдаас дэмжлэг авахыг хүсэхээс илүү өөрөө сонголтоо хийх хэрэгтэй.
- Өөрийнхөө дуртай зүйлийг заавал ол. Хэрвээ дуртай зүйлээ олоогүй бол тууштай хайгаарай.
- Маргааш гэж битгий хойшлуулаарай.
- Ямар нэг зүйлийг оролдож үзэх гэж байгаа, өөрийгөө хөгжүүлэх гэж байгаа бол одоо эхлээрэй гэж хэлье.Хайгаад олсон бол тууштай хичээгээрэй.
1 comment
Мундаг охин,амжилт хүсье.