БОАЖЯ-наас өнгөрсөн жил Богдхан уулын Зайсангийн аманд 264 автомашины зогсоол барих шийдвэр гарсны дараа бөөн асуудал үүсэж байсан билээ. Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газар 42 га газар эзэмшиж байгаа “Энигма” компанийн газраас гурван га газрыг нь төрийн мэдэлд авна гэсэн шийдвэрийг эсэргүүцэж Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн оюутнууд тус яамны үүдэнд жагсаал хийж, шийдвэрээ цуцлахыг шаардаж байсан билээ.
Монгол Улсад газар ашиглах гурван эрх байдаг. Тэр нь өмчлөх, эзэмших, ашиглах. Өмчлөх эрх нь тухайн хүний өмч учраас улс халдах эрхгүй. Эзэмших эрх нь 15-60 жилийн хугацаатай байдаг бол ашиглах эрх нь төрийн өмчийн газрыг түр зуур гэрээний үндсэн дээр таван жилийн хугацаанд ашиглах ёстой байдаг байна.
Газрын тухай хуулийн 46-гийн хоёр дээр “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагын үндсэн дээр ашиглалтад байгаа газрыг нөхөн төлбөртэй болон төлбөргүйгээр авч болно” гэсэн хуулийн заалт байдаг аж. Үүнийг үндэслэн “Энигма” компанийн газраас хэсэгчлэн цуцалж байв. Тэгвэл Богдхан уулын Зайсангийн аманд баригдсан авто зогсоол дээр ариун цэврийн байгууламж барих шийдвэрийг БОАЖЯ-наас гаргаж, ажлаа эхлүүлэх гэтэл бас л бөөн хэрэг мандсан байна.
Энэ талаар Богд Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн А.Оюутаас тодруулахад “Богдхан уулын Зайсангийн аманд баригдсан авто зогсоол дээр нийтийн ариун цэврийн байгууламж байгуулах гэж байгаа юм. Энэ бол БОАЖЯ-наас захиалгаар хийгдэж байгаа ажил. Гэтэл МҮИС-ийнхан “Манай газар дээр байгууламж барих гэлээ” гээд төрийн албан хаагчдын биед гар хүрч, олон хүнийг зодчихлоо.
Энэ нь төр хувийн хэвшлийн өмнө хүчгүй байгаагийн илрэл гэж бодож байна. Био ариун цэврийн байгууламжийг Улаанбаатарын иргэдийн эрүүл ахуйг хангах зорилгоор төрөөс бодлогоор барих гэж байгаа юм” хэмээв.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
1 comment
Энэ сургуулийн нэрийг сольбол таарна. МҮИС гэж бичээд байхдаа яадаг юм. МУИС-ийн нэрийг ашиглаад байгаа юм шиг санагдаад байдагийн. Тэгээд ч яаахаараа энэ муу хувийн жижиг сургууль Монгол улсын үндэсний сургуулт байдаг юм бээ. Би МУИС төгссөн. Дургүй хүрээд л байдаг шүү дотроо. Боловсролын яамныхан нэр ус өгөхдөө бодмоор юм.