Урагшгүй ноёнд ухаангүй албат гэдэг үг хотын өнөөгийн удирдлагыг эрхгүй санагдуулна. Дарга нарын яриаг сонсохоор нийслэлийн иргэд жигтэйхэн жаргалтай амьдарч буй бололтой. Гэтэл бодит байдалд эсрэгээрээ. Хотын иргэд гэрээсээ гараад л бухимдаж байна. Бухимдуулах шалтгаан ч өдрөөс өдөрт олшрох юм. Агаар, хөрсний бохирдлыг шийдэх дорвитой арга олоогүй, улиг болтол ярьж суух хооронд нь авто замын түгжрэл дохиогоо хангинуулсаар “асуудал”-ын жагсаалтад ороод ирлээ.
Үүнээс болоод холбогдох албаныхны толгой хэдэнтээ эргэж, яах учраа олохоо байн төөрч орхилоо. Зарим дарга хотын иргэдийг долоо хоногийн гурван өдөр л машинаа унах хэрэгтэй гэж ярьж байна. Нөгөө хэсэг нь үүнийг эсэргүүцээд “Автобусаар таатай зорчих боломж иргэдэд бүрдүүлж өгвөл хувийн машин унахаа болино” хэмээн зам, гүүр олныг барьж, нийтийн тээврийн салбараа хөгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Даанч нийслэлийн Тээврийн газрынхан урагшгүй. “Иргэдийг бухимдуулж буй асуудлаа шийдвэрлэ” гэсэн шаардлага тавихаар мөнгө нэхэж, гоншигноно. А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-т гардаг эмгэний орчин цагийн хувилбар гээд хэлчихэд гүтгэж, доромжилсон болохгүй л болов уу.
Арав гаруй хоногийн өмнө нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор баталсан тогтоолынхоо хэрэгжилтийн явцтай танилцсан юм. Замын түгжрэлтэй нийтийн тээвэр салшгүй холбоотой тул нийслэлийн Тээврийн газрын үйл ажиллагааны талаар тэр үед тэргүүлэгчид хэлэлцсэн. Автобуснууд бохир, жолооч нар нь соёлгүй, эргэлт хоорондын зай нь хол учраас хотын иргэд үйлчлүүлэх дургүй, хувийн унаагаар зорчихыг илүүд үзэж байгааг холбогдох албаныхан хэлсэн. Гэтэл нийслэлийн Тээврийн газрын дарга “Төсөв, хөрөнгө хүрэлцээгүй, парк шинэчлэл хийхгүй бол дээрх асуудлыг шийдвэрлэх боломжгүй” хэмээн хэдэрлэнэ лээ. Автобусаа паркаар нь шинэчилж болох юм. Харин жолооч, үйлчлэгчийг бөөнд нь халж, өөр ажилчин авдаггүй байлтай.
Нийслэлийн Тээврийн газар төсвөөс жилд 83 тэрбум төгрөгийн татаас авдаг. Бас болоогүй ээ, “Улаанбаатар смарт карт” хэмээх хувийн компанид хамаг эрх мэдлээ шилжүүлчихсэн. Үүнийхээ хажуугаар яаж ийж байгаад жил бүр хэдэн төгрөг төсвөөс “цохичихно”. Өнөө жил гэхэд л дундын шинэчлэлд нь зориулж нийслэлийн Засаг дарга 400 гаруй сая төгрөг олгосон байдаг. Гэвч үйлчилгээ нь сайжирсангүй, бахь байдгаараа л.
ТЭЭВРИЙН ГАЗАРТ “ШИГДЭЖ”, ГАР ХУМХИН СУУГЧДЫН ТООГ ОЛШРУУЛАХ НЬ
Одоогийн боловсон хүчний нөөц нь хүрэлцэхгүй байгаа тул нийслэлийн Тээврийн газрын үйл ажиллагаа сайжрахгүй байгаа гэнэ. Тус газрынхан ийм утгатай зүйл хэлсэн. Энэ нь нийслэлийн Засаг даргын сэтгэлийг эмзэглүүлсэн бололтой. Тиймээс тэрбээр ажлаа цагт нь эхлүүлдэггүй, иргэдийг хүлээлгэдэг жолооч нарыг хянуулахаар Диспетчерийн төв шинээр байгуулах болжээ. Нийтдээ 20 хүний бүрэлдэхүүнтэй байх эл төв нийслэлийн Тээврийн газарт байрлах юм билээ. Шаардлагатай санхүүжилт, ажиллах хүмүүсийн цалинг урьдчилаад бэлдсэн аж.
Энэ төвийнхний үндсэн үүрэг иргэдээс гомдол мэдээлэл авах. Улмаар зөрчил гаргасан жолоочийн цалинг нь хасаж байх юм гэнэ. Уг нь нийслэлийн Тээврийн газарт ийм ажил хийдэг хүн олон бий. Өнгөрсөн гуравдугаар сард модны ард нуугдаад, авто замын нэгдүгээр эгнээгээр явсан жолооч нарын зургийг дарж, цагдаагийн алба хаагчдад ховлож байсан хүмүүсийг уншигч та санаж буй биз ээ. Тэд нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагчид буюу “нэмэлт хүч”
авахаар нийслэлийн Засаг даргад хошуу дэвсээд диспетчерийн төв байгуулуулж буй хүмүүс юм. Уг нь тэд үйлчилгээний чанарыг сайжруулж хяналт тавих ёстой. Харамсалтай нь, өөрсдөд нь хандсан иргэний гомдлыг барагдуулаад, эргэн мэдээлж байсан удаагүй. Зарим жолооч хувийн микрогоороо дур мэдэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байхад ч шалгадаггүй гэдэг. Замын хөдөлгөөн зохицуулагчид үүнийг өнөө хэр нь шүүмжилсээр байгаа. Автобусны жолооч нар ч тэднийг ажлаа бараг хийдэггүй гэх нь ч бий. Энэ талаар нэгэн жолооч “Манай хотын нийтийн тээврийн үйлчилгээ уналтад орчихсон шүү дээ. Юм л бол жолооч нар буруутай гэдэг.
Тэгсэн хэрнээ биднийг ямар нөхцөлд ажиллаж байгааг хэн ч тоодоггүй. Гэр хороолол дахь эцсийн зогсоолын нөхцөл байдал тун тааруу. Түүнээс болоод жолооч нар осол гаргаж, ял сонсох нь энүүхэнд. “Баян Монгол” хороололд амьдардаг Н гэдэг байцаагч эмэгтэй тухайн чиглэлд жолооч нарыг “хашраадаг”. Замын хөдөлгөөний ачаалал их байсаар атал биднийг цагтаа ирсэнгүй гэж загнаад “Би гадаа бээртлээ зогслоо, хариуцлага тооцно” гээд цалин хасуулдаг. Тийм л хүмүүсдээ” гэсэн юм. Мөн тэрбээр автобусны буудалд хувийн такси эрхлэгчид зогсож байгааг мэдээлдэг ч улсын байцаагчид арга хэмжээ авдаггүй хэмээн нэмж хэлсэн.
ХЯНАЛТЫН АЛБА БАЙГУУЛААД ЗОГСОХГҮЙ ЦАГДАА НАРЫГ ДАЙЧЛУУЛАВ
Нөхцөл байдал ийм байхад нийслэлийн Тээврийн газрын удирдлага дотоод нөөцөө ашиглаж, улсын байцаагчдаа идэвхтэй ажиллуулахын оронд бүтэц, орон тоогоо улам данхайлгасаар байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн ИТХ-аас олон нийтийн 25 цагдааг цалинжуулан, Бага тойруу дахь авто зогсоолын хүртээмжийг сайжруулахаар ажиллуулж байгаа билээ. Гэвч өнгөрсөн сарын 20-ноос Энхтайваны өргөн чөлөөний автозамын нэгдүгээр эгнээг тэднээр хянуулах боллоо. Шалтгаан нь өнөөх нийслэлийн Тээврийн газрынхны чадамжгүй байдлаас үүдэлтэй. Шинээр диспетчерийн төвтэй болсон нь тэдэнд хангалтгүй ажээ.
Энхтайваны өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээгээр цагдаа, яаралтай тусламж, онцгой байдлын албаны машин, стандартад нийцсэн такси болон автобус явах ёстой. Харин сүүлийн үед нийслэлийн иргэд түүгээр зорчсоноос болоод автобус буудалд очих тогтсон цагаасаа хоцорч, иргэдийг бухимдуулах болсон. Тиймээс замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй зөрчлийг арилгуулахаар олон нийтийн цагдаа нарыг дайчилсан байх юм. Үүний хажуугаар замын хөдөлгөөн зохицуулагчид ч хяналт тавина гэж байгаа.
Олон нийтийн цагдаа нар ид ачааллын үе буюу 07.30-10.00, 16.00-20.00 цагийн хооронд 14 цэгт байрлан хоёр сарын турш үйл ажиллагаа явуулна. Энэ хугацаанд нийслэлийн Тээврийн газар дахь улсын байцаагчид юу хийх юм, бүү мэд. Олон нийтийн цагдаа нар ажиллаж эхэлсэн өдрүүдэд автобус нэгдүгээр эгнээгээр цагт 15-20 км-ийн хурдтай явсан байгаа юм. Өмнө нь 7-10 км цагийн хурдтай л гэлдэрдэг байжээ.
Хэрэв хяналтын улсын байцаагчид үндсэн үүргээ биелүүлж, ажлаа хийсэн бол хотын иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж хэвших нь тодорхой байлаа. Нэг сая гаруй хүн амтай хотын нийтийн тээврийн үйлчилгээ тун хангалтгүй, хариуцсан хүмүүс нь ажлаа хийхгүй байхад замын түгжрэл буурна гэж үгүй. Юм л бол чихэр нэхэж уйлдаг хүүхэд аятай аашилж, бурууг бусдад нялзаах боллоо, нийслэлийн Тээврийн газрынхан. Татаас болгон авдаг 83 тэрбум төгрөгөө хувийн 21 компанид тарааж, салбараа тэдэнд даатгахыг нь хэзээ болиулах вэ.
Дөрвөн жилийн өмнө хотын 600 мянган иргэн автобусаар зорчдог байсан бол өдгөө 200 мянгаар нэмэгдсэн статистик байна. Энэ завшааныг ашиглаад нийтийн тээврийн салбараа өөд нь татвал “шүдний өвчин” болоод буй замын ачаалал буурах нь дамжиггүй биз ээ. Эгнээ байр сэлгэж, утсаар ярьдаг, бүхээгтээ тамхи татаж, зорчигчдоо доромжилдог жолооч нартай бус, салбараа дордуулж буй удирдлагад нь хариуцлага тооцох ёстойг сонины хуудсаар дамжуулан нийслэлийн удирдлагад дайя.
Эх сурвалж:
2 comments
АВТОБУСНЫ ЖОЛООЧ НЬ ШАЛГАГЧТАЙГАА НИЙЛЭЭД ОРЖ ИРСЭН ХҮНИЙ МӨНГИЙГ ХУВЬДАА АВААД БАЙХААР ЯАЖ НИЙТИЙН ТЭЭВЭР ХӨГЖИХ ВЭ С.БАТБОЛД МАЛАА
Одоо цагт түгжрэл бөглөрөлөөс залхаж хүмүүс өглөө бараг 06 цагт ажил сургуулиа зохицуулж гэрээсээ гарч байна хотын дарга та яваад үзээрэй харин автобус дөнгөж 7 цагт баазаасаа гарч байна тэгэхээр энэ хуваарь амьдралд огт зохицохгүй үүнээс залхаж ихэнх нь машиныг илүүд үзэж байнаа….. түүнээс машин унаанд дуртай даа ч биш