“Монголын нууц товчоо”-ноос эхлээд дэлхийн газрын зурагт тэмдэглэгдэн үлдсэн Заг, Байдрагийн гол өдгөө ариун дагшин байдлаа алджээ. Хаа сайгүй гол мөрөн ширгэж, хатсан цөлд ангаж үхэх аюул манай бөмбөрцгийн аль ч хэсэгт нүүрлээд буй. Ийм үед нэг ч гэсэн голоо хэвээр нь авч үлдэхийн тулд нутгийн иргэд хөлөө хүрэх газраа заргалдаж явааг буруутгах аргагүй.
Баянхонгор аймгийн Жаргалант сумын гуравдугаар багийн нутагт орших Мандалын Бөөрөг хэмээх газарт “Жамп”, “Агь хаарвист” гэх компаниуд Байдраг голын дэргэд нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлож хууль зөрчих болжээ. Үүнээс үүдэж тус голчг даган нутагладаг иргэд саарал ус уух болсон талаар “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал “Агь хаарвист” компани нь Бөөргийн гол дотор, “Жамп” компани нь тус голын хажууд алт олборлолт хийж, алт угаасан бохир усаа шууд нийлүүлдэг байна. Бөөргийн голтой нийлсэн бохир ус нь Мандалын голоор дамжин, Байдрагийн гол руу нийлж нийт таван сумыг ундны усаар хангадаг Байдрагийн голын эхийг бохирдуулдаг гэнэ.
Одоогийн байдлаар Байдрагийн гол улаан саарлаараа эргэсэн, юу урсаж байгаа нь мэдэгдэхгүй байдалтай болж аргагүй байдалд орсон хүмүүс тэр уснаас хоол хүнсэндээ хэрэглэсээр байгааг иргэдийн төлөөлөл хэлж байна.