Энэтхэгийн цагдаа нар ойд сармагчингуудын бүлэгт амьдарч байгаад олдсон охиныг хэн болохыг тодорхойлохоор ажиллаж байна. Одоогоор охин яагаад ширэнгэнд хаягдсан, эцэг эх нь хэн болох нь тодорхойгүй байгаа аж. Гэсэн хэдий ч алга болсон хүүхдүүдийн зурагтай харьцуулан тулгаж байгаа юм. Анх мод огтлогчид ширэнгэнд ажиллаж байхдаа сармагчингийн сүрэгт явж буй нүцгэн охиныг харсанаар цагдаад мэдэгджээ. Тэд охиныг аврахаар оролдсон ч сармагчингийн сүрэг ойртуулаагүй аж. Охин яг л амьтан шиг дөрвөн хөллөн гүйж, газраас хоол идэж байжээ. Сүүлд тухайн ширэнгийн хамгаалалтын цагдаа охиныг аварчээ. Цагдаа охиныг машиндаа суулган авч явахад сармагчингууд араас нь хөөж байжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Хойд Энэтхэгийн Уттар Прадеш мужаас 10-12 настай ярих чадваргүй, хувцасгүй охиныг олж Бахрайч хотын эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Эмнэлгийн даргын хэлж байгаагаар охин анх ирэхдээ амьтан шиг авирладаг байжээ. Эмчилгээний явцад охин хөл дээрээ явж, гараараа хоол хүнс идэж сурсан аж. Охиныг хэн болохыг тодруулах хүртэл асрамжийн газар байлгахаар болжээ.