Ням гарагт Македон даяар улсынхаа нэрийг солих асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус улсын нэрийг өмнөд хөрш Грек улс 27 жилийн турш булаацалдан маргаж байгаа юм. Грекийн хойд хэсэгт Македон нэртэй муж байдгаас гадна энэ нэр бол эртний Грекийн түүх, соёлтой салшгүй холбоотой гэгддэг.
Тиймээс Грек улс Македоныг 1991 онд байгуулагдсан цагаас нь хойш Европын Холбоо, NATO-д элсэхэд саад хийсээр ирсэн юм. Санал хураалтын хэсгүүдийн 93 хувийн дүн гарахад 91.3 хувь нь нэр солихыг дэмжсэн бол 5.7 хувь нь эсэргүүцжээ.
Гэхдээ тус улсын 1.8 сая сонгогчийн дөнгөж 34 хувь нь санал асуулгад оролцсон байна. Өнгөрсөн зургаадугаар сард Грек, Македоны засгийн газрууд Македоны нэрийг “Хойд Македоны Бүгд Найрамдах Улс” болгон өөрчлөхөөр тохиролцсон юм. Санал асуулгын эхний дүн гарсны дараа Афины удирдагчид хэрвээ Македон улс нэрээ сольвол Европын Холбоо, NATO-д элсэхэд нь дэмжихээ батлан илэрхийлсэн байна.
Гэхдээ энэ санал асуулгын дараа Македоны парламентын гишүүдийн гуравны хоёрын саналаар нэрний өөрчлөлт батлагдах ёстой. Дараа нь Грекийн парламент дээр мөн санал хураалт болох юм. Ерөнхий сайд Зоран Заев тэргүүтэй Македоны засгийн газар нэр солихыг дэмжиж байгаа бол ерөнхийлөгч Гиорги Иванов тэргүүтэй үндсэрхэг үзэлтнүүд нэрний өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа. Тэд нэрээ солих нь Грекчүүдийн доромжлолыг зөвшөөрсөн, тусгаар тогтносон улсын дотоод хэрэгт оролцсон хэрэг болно гэж үзэж байна. Тиймээс өчигдрийн санал хураалтад оролцохгүй байхыг иргэдэд уриалж байв.
Гэхдээ нэрээ сольсноор Македон улс 27 жилийн гацаанаас гарч, эдийн засгийн хөгжил дэвшилд хүрэх замаа засах юм. Өнөөдөр энэ улс Европын хамгийн ядуу улсуудын нэгт тооцогддог. Европын Холбоо санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөхийг Македоны улс төрийн бүх хүчнүүдэд уриалжээ. Саяхан Македоны нийслэл Скопьед зочилсон Пентагоны тэргүүн Жэймс Мэттис нэр солихыг эсэргүүцэгчдийн хөдөлгөөнийг Оросын засгийн газар санхүүжүүлж байгаад эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: AFP