Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 4-р сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан өчигдрөөс эхлэн Хөвсгөл аймгийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй ажлын хэсэг ажиллаж сургуулилтын дадлагын явцад зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.
Тус арга хэмжээнд Мөрөн сумын 700 иргэн, Алаг-Эрдэнэ сумын 600 иргэдийг нүүлгэн шилжүүлж, газар хөдлөлтийн гамшгийн үеийн аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль дадлага, хээрийн эмнэлгийн дэлгээ, мал амьтны гоц халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээний дууриалган үзүүлэх болон усны ослын үеийн аврах ажиллагааны дадлага сургуулийг хийнэ. Албан ёсны сургуулийн арга хэмжээ 4-р сарын 10-12-нд болох бөгөөд урьдчилсан дадлага сургуулийг өнөөдрөөс эхлэн хийж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.
ЭХ СУРВАЛЖ: KHOVSGOL.GOV.MN