Есдүгээр сарын 28-ны байдлаар Улсын хэмжээнд ургац хураалт дунджаар 42 хувьтай явагдаж байна. Нарийвчилбал, 33.3 мянган га-г ангилан хадаж, 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа, 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, 6 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо, 11.8 мянган га-гаас 33.3 мянган тонн тэжээл, 6.3 мянган га-гаас 5 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Энэ нь үр тарианы 22 хувь, төмсний 81.1 хувь, хүнсний ногооны 73 хувь, тэжээлийн 21 хувь, тосны ургамлын 11 хувийг тус тус хураан аваад байгаа үзүүлэлт юм.
Цаг агаарын хүндрэлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Тариалан эрхлэлтийг дэмжих сан салбаруудаа шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, үтрэм дээр хүнсний буудайг шуурхай татан авах, налсан тариа хураах иш өргөгчийг ОХУ-аас авч байгаа аж.
Ургац хураалтын ажил жигдэрсэн энэ үед тариалангийн талбайг малын хөлөөс хамгаалах, малыг байнгын хариулга маллагаатай байлгах, малчид бүхий иргэдийг аравдугаар сарын 15-ныг хүртэл тариалангийн талбайгаас 15 км-ийн алсад намаржуулах, хураалтын ажилд оюутан сурагчдыг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах тухай чиглэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг өгсөн. Уг албан тоотын хэрэгжилтийг хангах зорилгоор аймаг, сумын түвшинд тусгай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, тулгамдсан зарим асуудлыг шуурхай шийдвэрлэж байгаа юм.
2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоожээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
1 comment
Оюутнуудын хичээлийг 10-р сарын 1-нд оруулдаг болговол,улсад ч хэрэгтэй, оюутнуудад ч хэрэгтэй, тэд 9-р сард зөвхөн шоудаад өнгөрдөг.