НҮБ-ын чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Уг чуулга уулзалт ирэх сарын 1-нд хөшгөө хаана. Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өчигдөр чуулганы индэр дээрээс Ираныг хатуухан шүүмжилжээ. Энэ талаар “CNN” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын ерөнхий ассамблейн 73 дугаар чуулгад дэлхийн 126 орны төр, засгийн тэргүүн болон зочид төлөөлөгчид оролцож байна. Дөрөв дэх өдрөө үргэлжилж буй уг чуулга уулзалтад оролцож буй тэргүүн нар НҮБ-ын индэр дээрээс өөрсдийн илтгэлээ тавьж, 2018 онд хийж гүйцэтгэсэн ажил, 2019 онд хийх ажлынхаа талаар сонордуулдаг уламжлалтай.
Жил бүрийн чуулганы үеэр удирдагч дотоодын зөрчил мөргөлдөөн, хямралтай Хойд Солонгос, Иран, Ойрхи Дорнод, Хойд Африкийн асуудлаар өөрсдийн байр сууриа хүргэдэг. Энэ онд Хойд Солонгос өнгөрсөн хугацаанд баримталж буй хатуу бодлогоо зөөлрүүлж, илүү нээлттэй болоод буй юм. Харин Ойрхи Дорнодыг хүчирхийлж байсан “Исламын улс” бүлэглэлийн “эрэн үе төгсч”, Хойд Африкийн зөрчил мөргөлдөөн намжих аястай байгаан НҮБ онцлов. Харин АНУ тэргүүтэй орнууд Ирантай харилцах харилцаанд тодорхой ахиц гарахгүй, 2019 онтой золгох нь.
НҮБ-ын чуулганы эхний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон улсад хандан “Иранаас харилцаагаа таслаж, ганцаардуулах хэрэгтэй” гэж зөвлөжээ. Гэтэл НҮБ-ын индэр гишүүн орноо өдөөн турхирсан, ялгаварлан гадуурхах үг хэллэг ашиглахыг хатуугаар хориглодог. Гэхдээ нэгдсэн улсын Ерөнхийлөгч дотоод дүрмийг зөрчин, “Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлахгүй бол энэ улс хөрш орнуудаа айлган сүрдүүлж байна.
Тэд Ойрхи Дорнод дахь хямралыг санаатайгаар үүсгэж, ашиг хүртэж байна. Ирантай харилцаа холбоотой орнууд харилцаагаа таслаж, бидний хоригт нэгдэх учиртай” гэж хэлжээ. Трамп өнгөрөгч тавдугаар сард Европын холбоо, “Зууч зургаа” холбооны байгуулсан “Ираны цөмийн хэлэлцээр”-ийг орхиж буйгаа илэрхийлэн, Ираны эсрэг нэмэлт хориг тавьсан юм. Уг үйл явдлаас болж ВАШИНГТОН, ТЕГЕРАН хоёрын харилцаа МУУДСАН гэхэд болно.
Энэ зөрчилдөөнтэй үеийг ашиглан АНУ-тай ойртон дотноссон Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өчигдөр НҮБ-ын индрээс Ираныг буруутгасан, булхайг нь илчилсэн мэдэгдэл хийв. Ерөнхий сайд Ираны нийслэл Тегеран хотноо байрлах нууц атомын агуулахын талаарх мэдээллийг нийтэд дэлгэлээ. Уг нууц агуулахад 300 тонн орчим цөмийн зэвсгийн түүхий эд хадгалагдаж байгаа гэнэ. Израйлийн Засгийн газрын төлөөлөгчид уг нууцын зэрэглэлтэй байгууламжинд нэвтрэн, нотлох баримт болох гэрэл зургуудыг дарж амжсан гэнэ. Нетаньяху “Бид Ираны булхайг илчилсээр байх болно.
Тэд хуурамч баг зүүсээр байна. Яг одоо Иранд бид хүчтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хиймэл дагуултай улс орнууд дээрх нууцын зэрэглэлтэй байгууламжинд гол анхаарлаа хандуулан, хөдөлгөөн бүрийг нь нарийн тандах хэрэгтэй. Тэд “цөмийн хөтөлбөрөөсөө сална” гэх хуурамч амлалт өгч, олон улсыг хууран мэхэлсээр байгаа” гэж мэдэгджээ. “Ираны тал нууц байгууламжийн талаарх мэдээлэл ил болсны дараахан хурдан шуурхай ажиллаж, ул мөрөө балласан.
Цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг олон нууц байгууламж Тегеранд байршсаар буй” гэж Ерөнхий сайд мэдэгдлийнээ үеэр онцлов. Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг “IAEA”-ийн удирдлагууд Тегеранд тавих хяналт муу байгаа нь тэднийг ийнхүү эрх дураараа аашлахад хүргэсэн гэнэ. “Тэдний хяналт сайн байсан бол би энэ индэр дээрээс улс орноо эрсдэлд оруулан ийнхүү ярихгүй байлаа” гэж Нетаньяху ярьжээ. “Трамп, Нетаньяху нар урьдаас тохирсон хуурамч мэдээллийг нийтэд түгээлээ. Тэд үнэн хэмээн хашгирсан ч бүх зүйл худал, хоосон зүйл” гэж Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани мэдэгдлээ.