АНУ-ын Үнэт цаас, Арилжааны Хороо өчигдөр Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маскыг хөрөнгө оруулагчдад хуурамч мэдээлэл санаатай тараасан хэргээр шүүхэд өгчээ. Маск наймдугаар сарын 7-ны өдөр Тесла компанийг хувийн компани болгох төлөвлөгөөтэй байгаа, нэгж хувьцааны үнийг $420-оор бодож хөрөнгийн зах зээлээс худалдаж авахад шаардлагатай мөнгийг олсон гэж твиттер хуудсандаа бичиж байв. Шүүхийн бичиг баримтад түүний энэ мэдэгдэл худал байсан, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн гэж буруутгажээ.
Маск долдугаар сарын 31-ний өдөр Саудын Арабын баялгийн сангийн төлөөлөгчтэй уулзаж, Теслаг хувьчлах хөрөнгө мөнгийг гаргуулахаар тохиролцсон гэж байгаа ч энэ нь албан бус, аман тохироо төдий зүйл байсныг мөн баталсан байна. Үүнээс гадна Теслаг хувьчлах төлөвлөгөөгөө компанийн ТУЗ-д танилцуулаагүй, зохицуулах байгууллагаас зөвшөөрөл аваагүй, бусад хөрөнгө оруулагчдад хувьчлах төлөвлөгөөг нээлттэй болгоогүй зэрэг шалтгаануудыг дурджээ.
Хэрвээ шүүх Илон Маскын буруутайг тогтоовол торгууль оноохоос гадна нээлттэй компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахыг нь хориглож магадгүй байна. Ингэвэл тэр Тесла компанийн гүйцэтгэх захирлын ажлыг бусдад шилжүүлэх хэрэгтэй болох юм. Эрх баригчид шүүхэд хандсан тухай мэдээлэл тарсны дараа Теслагийн хувьцааны үнэ 11 орчим хувиар унажээ.
Эх сурвалж: Quartz