Ахмадууд тэтгэврээ тогтоолгосон ч ажил эрхэлдэг бол нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн тохиолдолд тэтгэврээ нэмүүлэх боломжтой гэдгийг НДЕГ–ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг хэлж байв. Тодруулбал, иргэн та 500 мянган төгрөгийн дундаж цалингаас тэтгэврээ тогтоолгосон бол аль нэг байгууллагад гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд жил бүр 1.5 хувиар тэтгэврээ нэмүүлэх юм.
Тэтгэврээ өөрчлөн тогтоолгохыг хүсвэл хаана хандах вэ?
Хэрэв та тэтгэврээ тогтоолгосон ч өөрчлөхийг хүсвэл нийгмийн даатгалын дэвтрээ баталгаажуулж харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргана. Холбогдох албаны хүмүүс таны өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх юм. Жишээ нь, тухайн сарын 15-ны дотор өргөдлөө өгсөн тохиолдолд тухайн сараасаа эхлээд өөрчлөгдсөн тэтгэврийг авна. Харин тухайн сарын 15-наас хойш өгсөн бол дараа сарын 01-нээс өөрчлөгдсөн тэтгэврийг өгөх аж. Хамгийн гол тэтгэвэр тогтоолгосноос хойш тухайн байгууллагад ажилласан гэх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой юм.