СХД-ийн нутаг, 11 дүгээр хороонд байрлах нийслэлийн 105-р сургуулийн захирал асан Б.Долгормаа нь тамга тэмдгээ авч яваад ор сураггүй алга болжээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу түүнийг өнгөрсөн наймдугаар сарын 16-нд албан үүргээс нь чөлөөлж, оронд нь Г.Чимгээг томилсон юм байна. Харин захирал асан Б.Долгормаа нь албан үүргээ хүлээлгэж өгөхөөс татгалзан татгалзсан нь багш, сурагчид төдийгүй сургуулийн үйл ажиллагаа доголдоход хүрээд байгаа аж.
Энэхүү мэдээллийн мөрөөр тус сургуулийг зориход шинээр томилогдсон захирал Г.Чимгээ болон нягтлан нь тамга тэмдэггүй ажлын өрөөндөө сууж байсан ч уулзаж, мэдээлэл өгөхөөс татгалзсан.
Багш нарын хэлж буйгаар өмнөх сургуулийн удирдлага нь тамга тэмдгээ авч явснаас болж цалингаа авч чадалгүй сар гаруйн хугацаа өнгөрч байгаад бухимдалтай байгаа юм.
Өчигдөр (2018.09.25) өдрийн байдлаар сургуулийн интернет, цэвэр усыг тасалсан байсан нь сурагчид ашиглалтаас гараад удаж буй модон жорлонд дугаарлаж байгаа харагдсан. Мөн багш нар болон цайны газрын ажилчид гаднаас цэвэр ус авхад хүрсэн гэнэ.
Ялангуяа бага ангийн сурагчдад үдийн цай өгөх үүрэгтэй тус сургуулийн гал тогоо халуун хоол, цайгаар ийнхүү тасалдахад хүрээд байна.
Шаардлага тавьсан багш нарыг утсаар дарамталдаг уу?
Хүйтний улирал наашилж буй энэ үед тус сургуулийн цахилгааныг энэ долоо хоногт багтаан таслах бололтой. Ингэснээр хөлдүүс болсон анги танхимд 3000 гаруй сурагч хичээллэхээс өөр аргагүй байдалд хүрнэ гэдгийг ч багш нар хэлж байв. Тус сургуулийн багш /нэрээ нууцлав/ “Нэг захирлын амиа бодсон үйлдлээс болж багш нар төдийгүй сурагчдын эрх ашиг хохирч байна. Бид өнөөдөр цалин өгчих болов уу гэсэн горьдлоготой ажлаа хийж байна. Цалин хэзээ өгөх нь тодорхойгүй. Энд ажилладаг 200 орчим багшийн 90 хувь нь банкны зээлтэй.
Өнөөдөр зээлийн эргэн төлөгдөх хугацаа аль хэдийнээ өнгөрсөн тул банкнаас залгаж, сануулга өгсөөр байгаа. Ингэхээр бид байнгын сэтгэл санааны дарамтад амьдрах боллоо. Хичээлээ заах, багш нарын дунд тэмцээн уралдаан зарласан энэ үед интернет тасалчихлаа. Маргаашаас тог таслахаар сурагчид хохирч, сургуулийн үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Бидний зүгээс аливаа албан тушаалын томилгооны асуудлыг багш, сурагчдад хохиролгүйгээр шийдэж байхыг хүсч байна. Б.Долгормаа захирлаас нягтлан, Г.Чимгээ захирал нар тамга тэмдгээ авах гэж холбогдсон боловч гадуур эмчилгээтэй, аль эсвэл утсаа хаагаад уулзах боломж олгохгүй байгаа. Нийт багш, сурагчдын эрх ашгийг бодолцож тамга тэмдгээ хурдан шилжүүлж өгөхийг Б.Долгормаа захирлаас хүсч байна” хэмээлээ. Энэ талаарх шаардлагыг багш нар 105-р сургуулийн нэгдсэн группд тавьж үзсэн боловч сэтгэгдэл үлдээсэн залуу багш нарыг захирал асан Б.Долгормаа нь утсаар дарамталдаг гэнэ.
Багш нарын эрх ашгийг хамгаалж ажиллах үүрэгтэй тус сургуулийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн, багш Н.Байгалмаа дээрх асуудлаар ярихдаа “Багш нар цалингаа авч чадалгүй сар гаруй хугацаа өнгөрч байна.Багш нарыг хохиролгүй болгох, эрх ашгийг нь хамгаалах ажлын саналыг холбоонд санал болгож, холбогдох байгууллагуудад хандаж байна. Нөхцөл байдал хүндэрч эхэлж байгаа тул бидний зүгээс өнөөдөртөө багтаж энэ асуудлыг хурдан шийдвэрлэж өгөх тухай албан тоот бичгийг холбогдох газарт нь хүргүүлнэ” гэсэн тайлбарыг өгч байв. Энэ нь зөвхөн багш нарын цалингаар зогсохгүй тус сургуульд сурч буй 3000 гаруй сурагчдын сурах эрх, эрх ашиг хамаатай.