Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзоригийг АТГ-ынхан уржигдар 20.00 цаг өнгөрч байхад баривчилжээ. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Жаст групп” их хэмжээний зээл авч ашигласан хэрэгт тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагыг шалгаж байгаа. Яллагдагчаар татсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан хорих саналаа прокуророос шүүхэд хүргүүлээд байна” гэсэн юм.
Харин түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг “Миний үйлчлүүлэгч Ч.Ганзориг мөрдөн байцаалтын явцад дуудсан хугацаанд очиж, хилээр гарахгүй, мөрдөн байцаалттай холбоотой хэргийн мэдээлэл задруулахгүй байх зэрэг үүрэг хүлээж, шалгалтын ажиллагаанд ямар нэг саад учруулаагүй. Гэтэл ямар шалтгаанаар, яагаад баривчилсан тухай надад ямар нэг мэдээлэл алга” хэмээн мэдэгдсэн юм.
Уг хэргийг нэлээд хугацаанд шалгаж буй бөгөөд АТГ-ынхан “Жаст групп”-ийнхэн “Стандарт” банкнаас авсан мөнгөө хэрхэн зарцуулсныг тогтоосон гэнэ. Тухайлбал, хамаарал бүхий компаниудынхаа үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан авсан 109 сая ам.доллароо зарцуулсан нь тодорхой болсон байна. Тиймээс тус компанитай хамааралтай аж ахуйн нэгжүүдийн бүх хөрөнгийг нэг бүрчлэн шалгаж, Монгол Улсын хэмжээнд байгаа хөрөнгийг нь бүртгэн, битүүмжилж, мэргэжлийн үнэлгээчдээр үнэлүүлэх ажиллагаа хийж буй ч хараахан дуусаагүй гэнэ. Цөөн хэдэн аймагт явуулж буй хөрөнгө үнэлэх ажил нэг тийш болбол мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлэх юм байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга асан Т.Очирхүү, ТӨХ-ны дарга асан Д.Сугар зэрэг хүнийг уг хэрэгт холбогдуулан 2015 онд шалгаж байсан ч тэд “Миний гарын үсэг биш. Хуурамчаар зурсан” хэмээж байсан юм.
Харин өдгөө Ч.Ганзоригийг “Стандарт” банктай байгуулсан гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх мэдэлтэй байсан хэмээн буруутгаж, түүний өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбадрах нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон гэж үзэн өнгөрсөн зургадугаар сараас уг таван хүнийг яллагдагчаар татаад байна.
Хахуулийн 1.3 сая ам.доллароо хамгаалалттай байранд хадгалж байжээ
Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очир, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ тэргүүтэй хууль сахиулах байгууллагынхан, ГИХГ-ын дэд даргаар хэсэг хугацаанд ажилласан, цагдаагийн офицер асан, манай улсын иргэн Мөнх-Очир, Жаргалан болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгаж буй нь олны анхаарал татаад байгаа.
Тэгвэл энэ хэрэг Монголын хууль хяналтын байгууллагын түүхэнд хамгийн их хэмжээний бэлэн мөнгө хурааснаараа бас анхаарал татах болов. АТГ үйл ажиллагаа явуулсан 10 гаруй жилийн хугацаанд, түүнээс өмнө цагдаагийн байгууллагынхан бэлэн 1.3 сая ам.доллар буюу гурван тэрбум 302 сая төгрөг хурааж байсан тохиолдол үгүй юм билээ. Хэрэгт холбогдсон аж ахуйн нэгжид ажилладаг гэх хоёр иргэний гэрээс уг ам.долларыг хураасан аж.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэгт холбогдсон цагдаагийн офицеруудынхаас тэр мөнгийг хураасан гэж буй ч үүнийг АТГ-ынхан няцаасан. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “ШШҮХ-гийн шинжээчид худал дүгнэлт санаатай гаргасан хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагад шалгуулж байсан. Үүнд авлига, хээл хахуулийн шинжтэй зүйл тогтоогдсон учраас цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаж эхэлсэн.
Энэ хэрэг дээр ШШҮХ-ийн зарим шинжээчдийг авлигын хэрэгт яллагдагчаар татан цагдан хорьж байгаа. Авлигын хэрэгт холбогдон шалгуулж байгаа этгээдийн хамаарал бүхий орон сууцнаас 1.3 сая ам.доллар бэлнээр хураасан. Тэр мөнгөний гарал үүсэл, юунд зарцуулах гэж байсныг нарийвчлан шалгаж байгаа. Мөн Авлигын хэрэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагч н.Алтан-Очир гэдэг хүнийг яллагдагчаар татан, цагдан хорьж байгаа нь үнэн. Энэ хүнтэй дээр дурдсан 1.3 сая ам.долларын асуудал холбоогүй. Түүнчлэн яг энэ хэрэг дээр цагдаагийн өөр хэн нэгэн албан хаагчийг холбогдуулан шалгаж байгаа зүйл байхгүй” гэж мэдээлсэн.
Бидэнд олдсон мэдээллээр дээрх 1.3 сая ам.долларыг Сүхбаатар дүүргийн нутаг, Баянгол зочид буудлын дэргэдэх “220к резиденс” байрыг түрээсэлсэн, уг хэрэгт холбогдоод буй жирийн хоёр иргэний гэрээс хураасан юм байна. Уг байр нь харуул хамгаалалт өндөртэй, хурууны хээ мэдэрч хаалга нь нээгддэг бөгөөд нэлээд удаан хугацааны турш цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн АТГ-ынхан уг мөнгийг олж авсан гэнэ. Тэр их хэмжээний мөнгийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл булаацалдаж буй хятадууд цагдаа, шүүх, прокурорынхонд өгч өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахаар оролдлого хийхээс өмнө баримтжуулан хурааж авсан байна.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь, 400 гаруй сая ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоосон алт, мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг булаацалдсан хятадуудын маргаан манай хууль сахиулах байгууллагынхныг талцуулаад байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тухайн орд газрын лицензийг эзэмшигч хятадууд, шинээр хөрөнгө оруулж, худалдаж авсан өмнөд хөршийн иргэд хоорондоо муудалцаад байгаа бөгөөд нэгнийгээ залилсан хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл өгч, нөгөөдүүл нь хуурамч гарын үсэг зурсан хэмээн хариу гомдол мэдүүлж, эцэст нь цагдаа, хууль сахиулах байгууллагын ажилтнууд нэр холбогдсон юм.
Тухайн ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн болгохын тулд хятадууд 3-4 тэрбум төгрөг зарцуулахаар болсон гэх мэдээлэл ч байгаа бөгөөд үүнийх нь илрэл болсон 1.3 сая ам.долларыг АТГ-ынхан хураан авсан нь энэ. Дээрх мөнгөнөөс ганда өчигдөр дахин нэг төмөр шүүгээ (сейф) хураан авсан бөгөөд түүнд нь багагүй хэмжээний мөнгө байгааг бас эд мөрийн баримтаар хураан авахаар болсон аж.
Монголын газрын доорх баялгийг булаацалдсан хятадуудын маргаанд манай хууль сахиулах байгууллагынхан ийнхүү оролцож хээл хахуулийн хэрэгт холбогдоод буй. Үүнээс өмнө Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа С.Батзаяа, Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбат, “Белон” компанийн захирал Р.Баатархүү тэргүүтэй хүмүүс Ховд аймаг дахь ашигт малтмалын ордтой холбоотой хээл хахуулийн хэрэгт холбогдон шалгуулах болсон.
Ийнхүү цагдаа, мөрдөн байцаах байгууллага, ШШҮХ-гийн эрх бүхий албан тушаалтнууд хахуулийн хэрэгт холбогдоод байхад хариуцсан яам, агентлагийнхан нь юу ч болоогүй мэт байгаа нь хачирхалтай. Уг нь энэ оныг сахилга хариуцлагын жил болгон зарлаж, хууль зөрчигчидтэй хатуухан ярихаа мэдэгдсэн ч ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнуудаас өөр хариуцлагаа ухамсарласан эрх мэдэлтнүүд алга.
Дэд сайд асан Х.Ержаны хүүхэд ИНЕГ-аас төлбөрөө төлүүлжээ
АТГ-аас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг хэвлэлийн баг хурлынхаа үеэр олны анхаарал татсан зарим хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өглөө.
ИНЕГ-ЫНХАН АТГ-ЫН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
Гадаад улсад нарийн мэргэжлээр суралцуулж, хүний нөөцийг ИНЕГ өөрийн зардлаар бэлтгэдэг бөгөөд 2016 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 30 мэргэжлээр 13 улсад 107 оюутан суралцаж, 25 оюутан төгссөн байна. Гадаадад гэрээгээр сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрт 2013 онд 2.7 тэрбум, 2014 онд 2.74 тэрбум, 2015 онд 3.4 тэрбум, 2016 онд 838 сая төгрөг зарцуулсан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 9.8 тэрбумыг гаргасан байна.
ИНЕГ-ын тэтгэлгээр 2015-2017 онд 93 оюутан гадаадад суралцаж ирснээс 39 нь ажилд ороогүй, үргэлжлүүлэн суралцаж байгаа бол 2017 онд 13 оюутан төгсөж ирснээс 12 нь ажилд орж чадаагүй байна.
Мөн 2017 оны гуравдугаар сарын 31- ний байдлаар 74 оюутан гадаад улсад суралцаж байгаагаас С.Манлай, Ж.Өлзийхишиг, Д.Лхагважав, Л.Хонгорзул, Б.Номундалай, Б.Ундрал, Ч.Сэржмаа, Э.Энхмөнх, Л.Болд-Эрдэнэ нарын есөн хүн нисэхээс өөр мэргэжлээр буюу Бизнесийн удирдлага, улс төр, гадаад харилцаа, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжил эзэмшиж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7.1.3 “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.4 “Төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэж заасныг зөрчсөн гэнэ.
ИНЕГ-ын тэтгэлгээр гадаад улсын их, дээд сургуулиудад оюутан суралцуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулах, хүний нөөц бүрдүүлэх шаардлагыг бодитоор төлөвлөх, сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангах зөвлөмж өмнөх жил нь АТГ-аас өгсөн ч хэрэгжихгүй байгаа гэнэ. Сонгон шалгаруулалтыг нээлттэй бус байдлаар зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангаагүй бөгөөд олонх оюутны эцэг, эх нь Зам, тээврийн яам, ИНЕГ, МИАТ компани, “Улаанбаатар төмөр зам”-д ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс аж. Тухайлбал, Зам, тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержаны хүүхэд нь АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр, ИНЕГ-ын Техник хангалт, навигацын үйлчилгээний албаны дарга Б.Цогоогийн хүүхэд нь ОХУ-ын Сибирийн нисэхийн академид агаарын хөлгийн техникийн ашиглалт мэргэжлээр, “УБТЗ” ХНН-т орлогч даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэдалайгийн хүүхэд нь Австралийн Свинборны технологийн их сургуульд нисэхийн менежментийн чиглэлээр суралцахаар сургалтын төлбөрөө төлүүлсэн байна.
Ц.НЯМДОРЖ САЙДТАЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫГ ДАХИН ШАЛГАНА
Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн үл хөдлөх 17 хөрөнгийг шалгуулах хүсэлт гаргасныг АТГ-ынхан хүлээн авч дурдсан хөрөнгө нэг бүрийг шалгасан гэнэ. Улмаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулан ашигласан гэх байдал тогтоогдоогүй гэж үзэн хэргийг хаах саналаа прокурорт шилжүүлсэн аж. Харин прокурор зарим зүйлийг тодруулах шаардлагатай хэмээн дахин шалгуулахаар болжээ.
Оюутолгойн бүтээн байгуулалтын гэрээтэй холбоотой хэрэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг шалгаж буй. Уг хэрэгт олон төрлийн шинжилгээ хийх бөгөөд дүгнэлт хараахан гараагүй аж. Тэгвэл “60 тэрбум”-ын гэх хэргийг прокурорын байгууллага хаах шийдвэр гаргасан ч ТЕГ-аас үндэслэл бүхий баримтыг сэргээн шалгах шаардлагатай гэж үзсэн байна. Үүнийг нь үндэслэн хэргийг сэргээсэн бөгөөд тагнуулын байгууллага голлон шалгаж, цагдаа, АТГ-ынхан өөрсдийн чиг үүргийн дагуу дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин