Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр агсны шавь П.Эрдэнэзааныг өдгөө мэдэхгүй хүн үгүй. 1994 оноос хойш тайзан дээр “амьдарч” буй түүнийг Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаахад олон үзэгч баярласан. “Маск” продакшны захирал, жүжигчин П.Эрдэнэзаантай шинэ тоглолтын сургуулилалтынх нь дундуур ярилцлаа.
-Таныг Гавьяат жүжигчин цолоор энгэрээ цоолсны дараахан ярилцлага хийе гэхэд киноны зураг авхуулж байгаа гэсэн. Ямар уран бүтээлийн ард гарав?
-“Маск” продакшн “Хайр, харуусал” киног үзэгчдэд хүргэснээс хойш энэ төрлийн уран бүтээл хийгээгүй. Тийм болохоор энэ жил бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр төлөвлөсөн. “Соёлын довтолгоо” нэртэй түүхэн уран сайхны киноны зохиолыг бэлэн болгож, хоёр жилийн хугацаанд бэлтгэлээ базаалаа. Зургийг нь өнгөрсөн зун авч дуусгав. Ирэх оны эхний сард үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн. Манай продакшн ер нь дэлгэцийн урлагт их болгоомжтой ханддаг. Болсон, болоогүй юм хийж яах юм. Энэ удаа “Хүлэгү” пикчерстэй хамтран эл уран бүтээлээ хийлээ.
-Ерөнхийлөгчийн Тамгын газраас Гавьяат жүжигчин цол хүртэх болсон тухай мэдээг дуулгахад та хаана, юу хийж байсан бэ?
-Дүүгийнхээ хурим дээр байлаа. Утсаар “Баяр хүргэе. Танд Гавьяат жүжигчин цол хүртээхээр боллоо” гэж залгасан. Эхэндээ итгэж өгдөггүй. Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгасан юм чинь арай ч худлаа яриагүй байлгүй гэж ч бодогдоод л. Их самгарддаг юм билээ. Тэгээд хамгийн түрүүнд эхнэртэйгээ баярт мэдээгээ хуваалцсан. Тэгээд л бэлтгэлээ базааж эхэлсэн дээ.
-Тулгамдсан уу. Шинэ дээл хувцас хийлгэхэд хугацаа давчуу байсан байх.
-Сонссоныхоо маргааш л дээл оёулахаар болсон. Ер нь их давчуу байдаг юм билээ. Гэхдээ Төрийн ордонд шинэ дээлтэй орж амжсан шүү.
-Өөрийнхөө төдийгүй аавынхаа нэрийг Төрийн ордонд дуудуулаад, хүндтэй цол авч зогсоход юу бодогдов?
-Сэтгэл их хөдөлсөн. “Би юу хийж, бүтээсэн учраас энэ цолыг хүртэж байгаа билээ” гэж боддог юм билээ. Бас эмээсэн. Би 1994 оноос тайзан дээр тасралтгүй ажиллажээ. Урдах ажлаа чанартай хийхийг эрмэлзэж байсан болохоос биш, гавьяа шагнал хүртчих юм сан гэж бодож яваагүй. Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай хоёртойгоо “Маск” продакшнаа байгуулаад 12 жил өнгөрсөн байна. Үзэгчдийн талархал хүлээсэн хамт олон бий болгож, хийсэн уран бүтээлүүдийг минь хүмүүс ярьж байгаад бид баярладаг. Бидний өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлийг минь үнэлж, цаашид илүүг хийх урам өглөө. Шагналаа авчихаад гарч ирэхэд Сүхбаатарын талбайд урлагийнхан төдийгүй олон хүн цуглаж, баяр хүргэхэд үнэхээр сайхан санагдсан. Ээж минь амьд байсан бол их баярлах байсан даа гэж бодогдож, хоолой зангираад л. Аав минь хүүгээрээ бахархсан байх аа.
-Хүндлэл дагаад харицлага нэмэгдэнэ дээ.
-Тэгэлгүй яах вэ. Энэ хүндлэлийг даах ёстой. Олон сайхан уран бүтээл хийх хэрэгтэй. Цаашид илүү ихийг хийгээрэй гэсэн ташуур гэж ойлгож байгаа.
-Ярилцлагын эхэнд хэлсэн “Соёлын довтолгоо” киноны тухай дэлгэрүүлээч. Та ямар дүрд тоглов?
-1959-1961 оны үед болсон соёлын довтолгооны үеийн үйл явдал өрнөнө. Монгол Улсын түүхэн дэх сонирхолтой үе шүү дээ. Энэ сэдвийг хөндөх юм сан гэж их удаан бодсон юм. Би бригадын даргын дүрд тоглосон. Гол биш, хоёрдугаар дүр.
-Тэгвэл таны дэлгэцэнд үлдээсэн анхны дүрийн тухай ярья. “Наран ургахыг хүлээхгүй” кино хааяа зурагтаар гардаг шүү дээ. Анхны дүрээ эргээд харахад ямар санагддаг вэ?
-Сургуулиа дөнгөж төгсөөд тоглосон юм. Гавьяат жүжигчин Г.Золбоот, И.Одончимэг, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо нартай тоглож байлаа. Баруун Монголын шилийн сайн эрийн тухай кино шүү дээ. Анхны, сүүлчийн гээд байх ч олон дүр байхгүй ээ. Би цөөхөн кинонд тоглосон шүү дээ. Киноны санал ирдэг ч тоглолттой байж таараад тэр бүр амждаггүй.
-Та сургуулиа төгсөөд “Орчин үе” театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн юм билээ. Театрт ажиллахыг илүүд үзэхэд багшийнх нь нөлөө байсан уу?
-Би Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр багшийн шавь. Драмын театрт орох бодолтой байсан боловч орон тоо байгаагүй. Ингээд Армийн драмын театр “Орчин үе” нэртэй болж шинэчлэгдэхэд таван жил ажилласан. Дараа нь УДЭТ-аар зургаан жил овоглосон. Л.Баттулга, Н.Ариунболд, Ц.Батхуяг, Ж.Мөнхсайхан, нарын арван хоёр шижигнэсэн залуу тэр их айлын босгыг давж байлаа. Нээрэн, багшийнхаа уран бүтээл, амьдралын тухай “Би нисэх дуртай” номыг ангийнхаа Ц.Батнайрамдалтай хамтран гаргасан. Одоогийн залуус битгий хэл, урлагийн сургууль төгссөн зарим хүүхдүүд ахмад уран бүтээлчдийнхээ тухай мэдэхгүй байна шүү дээ. Тиймээс багшийнхаа тухай ном гаргаж, тэр эрхэм хүнийг мартагдуулахгүй байхыг хүссэн юм.
-Та “Өнгөт инээд” хамтлагт дараа нь ажилласан. Төгссөнөөсөө хойш драмын театрын тайзнаа ажилласан хүнд хошин урлагийн продакшнд ажиллахад сонирхолтой байсан уу. Ялгаатай байж таарна шүү дээ.
-Нэг их өөр байгаагүй. УДЭТ-т байхад “Туйлшрал” хошин тоглолтод оролцдог, хошин жүжгүүдэд ч тоглодог байсан. Дээр нь би оюутан байхдаа хошин урлагийн төрлүүдэд дуртай байлаа. А.П.Чеховын “Бэр гуйсан нь” нэг үзэгдэлт инээдмийн жүжигт тоглож, “Сонгодог инээдэм” наадамд оролцон, шагналт байрт шалгарч байв. Жүжигчнээс хурд, мэдрэмж, уран төсөөлөл шаарддаг урлагийн төрөл учраас их сонирхдог байсан юм.
-“Өнгөт инээд” хамтлагаас өрх тусгаарласны тань дараа хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. “Шилдэг гурав нь хамтлагаасаа гарчихлаа. Энэ гурав бие дааж чадах болов уу. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөлөө” гээд л. Харин та гурав өөрсдөө тэр үед юу бодож, төсөөлж тэр шийдвэрийг гаргасан бэ?
-Хүмүүс авгай, нөхөр хоёр салчихсан мэтээр л ярьсан. Тийм биш шүү дээ. Бид залуу байсан. Ажиллах урам зориг ид оргилж байлаа. “Өнгөт инээд” хамтлагт бид таван жил ажилласан. Нэг нэгнээ сайн мэднэ. Тэгээд л бие даах тухай ярилцаж, түүнийгээ Ц.Хүсэлбаатар ах, С.Өлзийхүү эгчид хэлэхэд биднийг харин ч дэмжсэн.
-Гэхдээ айдастай байсан байх даа.
-Тэгэлгүй яах вэ. Нэг л их дэврүүн сэтгэл, хүсэл мөрөөдөл л байсан. Хүмүүс сонирхох болов уу, цаашид яг юу хийх билээ гээд л. Эхний тоглолтоо хийхэд сэтгэл зүйн хувьд маш хүнд байсан. Гэхдээ амжилттай болсон. Түүнээс хойш 12 жил өнгөрчээ. Шинэ тоглолт үзэгчдэд хүргэх бүртээ л сандарч, догдолдог. Улам л хичээж байна.
-Одоо ч тайзан дээр гарахдаа сандардаг гэж үү?
-Тэгэлгүй яах вэ. Бидний уран бүтээлийг хэрхэн хүлээж авах бол, хэлэх гэсэн санааг минь ойлгох болов уу гээд л бодох, эмээх зүйл бишгүй. Үзэгчид надаас нүд салгалгүй харж буй харц, энерги маш хүчтэй мэдрэгддэг. Гэхдээ тэр үед маш гоё мэдрэмж төрдөг. Уран бүтээлч хүний аз жаргал яг л тэр мөч байх.
-Флетон, пароди гэхчлэн хүмүүсийн тэр бүр мэддэггүй хошин урлагийн төрлүүд хийгээд сонгодог жүжгүүдээс сэдэвлэсэн үзүүлбэрүүд үзүүлдэг болохоор танайх их сонирхолтой санагддаг.
-Уртын төлөвлөгөө гаргана л даа. Түүнийхээ дагуу “Энэ тоглолтод ийм төрлүүд багтаая. Сонгодог энэ зохиолоос сэдэвлэнэ” гэхчлэн. Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг бүтээлдээ шингээнэ. Бодоод үзье л дээ. Бид “Ромео, Жульетта”, “Худалч эхнэр”, “Зуны шөнийн зүүд”, “Эндүүрлийн паян гэхчлэн жүжгээс сэдэвлэн үзүүлбэр хийсэн байна. Шинэ тоглолтдоо “Байцаагч түшмэл” жүжгийн хэсгээс оруулахаар сургуулилалт хийж байна. Өнөөгийн Монголын нийгмийн дүр зураг тэндээс харагдана.
-Эмэгтэй хүний дүр бүтээхэд хөгжилтэй зүйл тохиолдоно биз?
-Эмэгтэй хүний дүрд тоглоно гэдэг амаргүй. Би уг нь аль болох зайлсхийдэг.
-Гэхдээ л нэлээд олон удаа тоглосон.
-Гарцаагүй тохиолдолд тоглохоос өөр арга үгүй.
-Таныг жүжигчин болох уу, бизнес хөөх үү гэж нэлээд бодсоны эцэст мэргэжлээ сонгосон гэж сонссон.
-Тийм ээ. Зах зээлд ороход би оюутан байлаа. Тухайн үед хүн болгон ганзагын наймаа хөөж байсан. Надад ч тэдний адил цүнх үүрч, ашиг олж байсан үе бий. Алийг нь сонгох вэ гэж их удаан бодсон. Жүжигчин мэргэжлийг сонгосон нь миний амьдралыг утга учиртай болгосон.
-Юу таны шийдвэрийг урлаг тийш эргүүлэв. Урлагт хэрхэн хөл тавьсан юм бэ?
-Би Увс аймгийн Улаангомд дунд сургууль төгссөн. Багадаа жүжигчин болно гэж бодож байгаагүй. Зураг зурах маш их сонирхолтой. Уран зургийн хэд хэдэн уралдаанд түрүүлээд, Орост үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Наймдугаар ангидаа Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэх урилга ч авч байлаа. Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Анх сэтгэлийн хөөрлөөр л энэ мэргэжлийг сонгочихсон. Ингээд л шалгуултал тэнцчихсэн. Ардын жүжигчин С.Сугар, Гавьяат жүжигчин Лхасүрэн, драмын театрын дарга байсан Н.Зоригт гэж гурван хүн шалгаж байлаа.
-Одоо зурж байгаа юу?
-Багаасаа зурсан болохоор хүний авьяас хаа холдох билээ. Гэхдээ мэргэжлийн зураачийн хэмжээнд биш л дээ.
-Жүжигчний мэргэжил сонгосондоо харамсаж байв уу?
-Эхлээд хэцүү санагддаг байлаа. Гуравдугаар дамжаанаас мэргэжлийнхээ мөн чанар гээчийг ойлгож байгаа юм. Тэгж явсаар сургуулиа төгсөж, одоо л жүжигчин гэдэг хэцүү бөгөөд асар их мэдлэг, мэдрэмж шаарддаг болохыг ойлгосоор явна. Гэхдээ харамссан удаа байхгүй ээ.
-Хэзээ мэргэжлийнхээ амтанд орж, шунав?
-Оюутан байхдаа Армийн драмын театр “Худалч эхнэр” жүжиг тавьж, Жиммигийн дүрд Г.Равдан гуайн тоглож буйг үзсэн юм. Тэгэхэд “Ямар гоё дүр вэ” гэж атаархаж билээ. Гэтэл “Өнгөт инээд”-д байхад “Худалч эхнэр” жүжгээс сэдэвлэн “Үнэнээ хэлээч” хөгжимт жүжиг тавьж, би азаар Жиммид тоглосон юм. Мэдрэх, дурлах гэдгийг тэр дүрд тоглохдоо л мэдэрсэн. Эл дүрээрээ “Гэгээн Муза” наадмын эрэгтэй шилдэг дүрийн шагнал хүртэж байлаа.
-Одоо яг тэр үеийнх шигээ дүрд шунадаг уу. Тийм дүр бий юү?
-Тийм дүр олон бий. 20 гаруй жил ажиллачихлаа. Одоо тодорхой хэмжээний туршлагатай боллоо. Ямар ч дүрд тоглоход бэлэн гэж боддог.
-Эрэгтэй жүжигчдийн хувьд ид насандаа яваа болохоор тэр юм болов уу?
-Магадгүй. 40 гаруй насанд уран бүтээлчид авьяас, туршлага, эрч хүч хосолдог үе юм байна. Онгирч байгаа юм биш. Гэхдээ л найруулагчийн оноосон дүрд тоглочихоор л болж байна гэж өөрийгөө тоож байгаа.
-Тэгвэл уран бүтээлч бус, эр хүний хувьд энэ нас танд ямар амтагдаж байна вэ?
-Ялгаагүй. Би нэг эхэлсэн зүйлийнхээ араас дөргүй бух шиг зүтгэчихдэг хүн. Энэ зан минь улам л тодрох шинжтэй.
-Та хөгшрөхөөс айдаг уу?
-Айдаг. Цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрдөг юм байна. Тэр хэрээр хүний хүч чадал, эрч хүч гээд бүх зүйл буурна. Гэхдээ сэтгэл зүйгээр давах боломжтой гэж боддог. Хөрөнгө хураах биш, харин хийсэн бүтээснээ үлдээх юм сан гэж боддог. Монголд хөгшрөх хамгийн таагүй. Аймшигтай.
-Яагаад?
-Тэтгэвэрт гарна, хэнд ч хэрэггүй болно, гутарна. Хар л даа, Монголд хөгшин хүн хэн ч биш л байна шүү дээ. Энэ байдал хөгшчүүдэд ямар аймшигтайгаар тусдаг бол.
-Гэргий тань мөн урлагийн мэргэжилтэй. Саяхан гурван охин тань хамт дуулж, таныг уйлж байхыг харсан. Хүүхдүүд нь бас урлагийн мэргэжил сонгож байгаа юм аа даа.
-Миний гэргий хөгжмийн багш. Манайх нэг хүү, гурван охинтой. Том хүү архитектор, дунд охин төгөлдөр хуурч болсон. Бага хоёр мэргэжлээ хараахан сонгоогүй байна. Хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг дэмждэг ч сэтгэл дотроо битгий жүжигчин болоосой гэж залбирдаг.
-Танай продакшн “Монгол хүн инээмсэглэ” тоглолтоо маргаашнаас хүргэнэ. Энэ тоглолтын тухай асуултаар ярилцлагаа дуусгая. Танай хэд дэх тоглолт вэ. Ямар онцлогтой тоглолт болох бол?
-30 гараад л тоогоо алдсан. Энэ намрын эхний тоглолтоо хүргэхээр сургуулилалтаа базааж байна. Сонирхолтой үзүүлбэрүүд багтаахаар хичээж буй. Нийгэмд болж буй бужигнааныг ёгтлохыг хүссэн юм.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
3 comments
САЛБАДАЙ
бага театрийн алиа салбадай ггг мунхаг төр
манайхан их Хөгжилтөй Ард түмэн шүү Хошин шогийг муулан муулан шимтээд үзэхийг яанаа Өөрсдийн нь Шоолж Доромжлоод байхад шүү дээХошин шогийнхон ч яахав дээ Урьдах үзэгдлүүдынхээ Үг үйл явдал Хувцас хунарын нь бага зэрэг өөрчлөөд Сэдэв нь бол хэвээрээ хэд дахин тоглоод л Үзэгчид ээ Хөөрхөн хуурчихаад байгаа юм даа Гурилтай шөлийг зарим даа Ногоотой зарим даа Ногоогүй хийдэг шиг л