УИХ энэ намар Үндсэн хуулийг өөрчлөх тухай МАН-ын сонирхлыг хэлэлцэнэ. Нам дамжсан хуйвалдаан, бүлэг фракцийн тохиролцоо, улс төрийн захиалга гээд олон юмыг нэгтгэсэн хуулийн төсөл ч өргөн баригдчихсан.МАН-ын бүлэг дээр АН-ынхан хүч нэмж, 69 гишүүн хуулийн төслийг дэмжиж гарын үсгээ зурсан байгаа юм. Үүнээс үзвэл, чуулганы хуралдаанаар ч гэсэн эдгээр гишүүд хэлэлцэх, асуух зүйлгүй шууд кнопдоод явчихаж мэднэ.
Өөрөөр хэлбэл, ард түмний санал асуулгаар биш Ардын нам мэдээд Үндсэн хуулийг өөрчлөх дүр зураг харагдаж буй. Мэдээж, иргэний нийгмийн байгууллагууд, эрхээ мэддэг, түүний төлөө тэмцдэг хэсэг нь дуугарах байх. Хүчний харьцаа ямар байхаас Үндсэн хуулийн хувь заяа хамаарч мэдэхээр байна. Иймд намрын чуулганыг угтан зарим эрхмүүд үгээ хэлж, байр сууриа илэрхийлээд эхэлсэн нь сайн хэрэг.
Тэр дотор энэ үгээ эртхэн хэлж байхгүй дээ гэмээр эрхмүүд ч харагдана. Дээр нь хэлж, ярьж буй зүйл нь ихээхэн зөрчилтэй нэгэн ч байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан,доктор Т.Лхагваа “Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх улс төрийн намуудын хэлэлцүүлэг” дээр “ би агсам тавиагүй шүү” гэж байгаад “агсам” тавьсан нь олон нийтийн сүлжээнд трэнд болж байна.
“ЭНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ДУРААРАА ТОНГОЧИХ БОЛОМЖ ОЛГОСОН…”
Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэдэгт тэрээр “ Шавь нар маань бослого гаргах уу гэдэг. “Болохгүй ээ” гэхээр “Одоо тэгээд яах вэ” гэдэг болсон. Ард түмэн аргаа барж байна. Би Үндсэн хуулийг хамгаалах “юманд” зургаан жил суулаа. Монгол Улс парламентын тогтолцоотой гэсэн Үндсэн хууль дотроо зөндөө зөрчилтэй. Энэ Үндсэн хуулиар нийгэмд эрх мэдэлтэй хүн хариуцлага хүлээдэггүй тогтолцоог хийж өгсөн юм.
Шүүх засаглал, УИХ –д хяналтын, хариуцлага хүлээдэг механизм байдаггүй бөгөөд байсан ч тэрийг ашигладаггүй, сонирхдоггүй. Эрх мэдэлтнүүд ард түмний эрхийг булааж авчихаад дураараа тонгочихож байх ийм цаг үе иржээ” хэмээн халагласан байна. Өөрийнх нь хэлснээр Т.Лхагваа доктор Үндсэн хуулийг хамгаалдаг юм /Цэцэд/-нд зургаан жил суусан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг хамгаалж суусан гэсэн үг. Тэр үедээ ус балгачихсан юм шиг л байсан.
Уг нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байхдаа л “Парламентын тогтолцоотой гэж хуульчилсан энэ Үндсэн хууль чинь дотроо зөндөө зөрчилтэй байна. Эрх мэдэлтэй хүмүүс хариуцлага хүлээхгүй тонгочиж байна” гээд хэлсэн бол гажуудлыг засах, өөрчлөх ажлыг хэрэгжүүлэхэд нөлөөгөө өгөх байлаа. Яагаад гэвэл, Үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй Цэцийн гишүүний үг нөлөөтэй шүү дээ. Айхгүй ч аягүй гэгчээр байгаа онох л байсан. Гэтэл Цэцээс буусан хойноо ингэж хашгирахаар ямар үр дүн байх билээ.
“ШҮҮХ ЗАСАГЛАЛД ДЭЛХИЙН ЖИШГЭЭС ДЭЭГҮҮР ЭРХ ӨГЧИХӨӨД, ЭРГЭЭД ХЯНАЖ ЧАДАХАА БАЙЛАА…”
Шүүх засаглал “бүдүүрч” сүрэг доторх хурц эвэртэй хуцны зан гаргах болсон тухай Т.Лхагваа доктор “Шүүх засаглалд, шүүхийг хэн ч гаднаас нь халдаж чадахгүй болтол дэлхийн жишигт, түүнээс ч илүү хэмжээнд дархлаа тогтоож өгсөн атлаа тэднийг яаж ч чадахгүй болсон байна. Бүр хуяглачихсан. Жирийн ард түмэн, ядарсан зүдсэн улсуудад нээх шударга юм шиг арга хэмжээ аваад, шүүгээд шоронд хийдэг.
Эрх мэдэлтнүүд тэгж хэзээ ч чаддаг бөгөөд чадахгүй байх тийм тогтолцоо бий. Өөрчлөлт хэрэгтэй. УИХ, төрийн эрх барих дээд байгууллага гэж бичсэн байж байгаа. Тэгтэл бүгдийг дуудаж захирдаг, зандардаг, байтлаа Ардын хянан шалгах хороо гэгчийг байгуулах нь. Нөгөө парламентын тогтолцоо системийн өөрчлөлт хийхгүй гэсэн нь яалаа. Энэ худал. Өөрсдөө дарга байгууллага болчихоод дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх ийм л юм явж байгаа.
Өнөөдөр ард түмний санал асуулгыг заавал явуулах хэрэгтэй” гэсэн байна. Энэ үнэн, гэхдээ шинэ сэдэв биш. Т.Лхагваа докторыг Цэцийн гишүүн байхад шүүх засаглал үнсдэндээ ийм болчихсон байсан. Одоо ч тийм байгаа, харин шүүгчдийн арга нарийсч, хэтэвч зузаарсан нь тэдний ХОМ-ээс харагдаж байгааг хэвлэлүүд сүүлийн үед бичих болсон.
“ПАРЛАМЕНТЫН ТОГТОЛЦОО БАЙХ УУ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ БАЙХ УУ. ЕРДӨӨ ТЭРИЙГ Л АСУУЧИХ…”
Эцэст нь Цэцийн экс гишүүн маань нөгөө “Тавхан үгэн дээрээс танигдаад байна” гэдэг шиг хоёр үгээр өөрийн сонирхлыг товч бөгөөд тодорхой илэрхийлээд байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл “Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар санал асуулга явуул, тэгэхдээ одоогийн өөрчлөлтийг зөвшөөрөх үү, үгүй юу гэдгийг биш. Парламентын тогтолцоо байх уу, Ерөнхийлөгчийн засаглал байх уу, ердөө тэрийг л явуулчих” гэсэн байгаа юм.
Үүнээс үзвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан тэрээр эцэг хуульд ард түмний хүсэл сонирхолд нийцсэн, тэдний эрх ашгийг хамгаалсан өөрчлөлт оруулах талаас биш, ерөнхийдөө Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэдгийг л ухуулсан, уриалсан үгийг ийнхүү хэлжээ. Үнэндээ бол ард түмний зарим нь өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бодох сөхөөгүй, талхныхаа мөнгийг олж чадахгүй шахам амьдарч байна.
Тэдэнд “Та нарыг сайхан амьдруулахын тулд ингэхээс өөр арга алга” гэж хэлээд Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж, өөрсдийн дураар хүрд эргүүлэх боломж одоогийн нэг нам олонх болсон УИХ-д бүрэлдсэн гэж хэлж болно. Зөвлөлдөх санал асуулга нэрээр халхавчлан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж буй МАН-ын санаархал бол өөрсдийн эрх ашгийг хамгаалж, одоогийн байгаа суудлаа дархалж үлдэх гэсэн оролдлого юм.
Харин АН-ын нэр бүхий гишүүд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн 69-ийн бүлэг”-т нэгдэж ардчиллын эсрэг цэнхэр дарцаг өргөж яваа нь ойлгомжгүй. Дээр нь тэдний сонирхлыг дагуулж тонгороод Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн засаглал руу явуулах сонирхол заримд нь бас байна. Үндсэн хуулийг хамгаалж явсан, одоо өөрчлөх ёстой хэмээж буй Цэцийн экс гишүүн, доктор Т.Лхагваа гуайн үгнээс ийм л эргэцүүлэл төрж байна.
Цаашлаад Цэцийн гишүүд юу хийдэг, ямар үүрэгтэй ажилладаг вэ. Тэд ид ажиллаж байхдаа юу хийж бүтээдэг вэ, яагаад дуугардаггүй юм бэ. Суудлаасаа бууж ажил албаа өгсний дараа хэлд ордог нь ямар учиртай вэ. Энэ нь хожимдсон ухаарал уу, эсвэл гэхчлэн олон асуулт ургаж байна.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2 comments
монголд ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй байна..76 луйварчид монголыг хувааж идээд дууслаа шүү..
ерөнхийлөгчийн засаглал манайд огт тохирохгүй харин парламентийн 2 шатлалтай тогтолцоо маш тохиромжтой