Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг, амины орон сууцны хотхонд оршин суух иргэн О-гийн байшингийн вакуум цонхыг түлхэн орж их хэмжээний эд зүйл хулгайлсан хэрэг энэ оны дөрөвдүгээр сард гарсан. Урт гарт тэднийхээс дунд гарын мөнгөн аяга хоёр, цагаан шүрэн толгойтой манан хөөрөг, могойн арьсан цүнх, бэлэн таван сая төгрөг, 5000 ам.доллар, тоо хэмжээ нь тодорхойгүй алт, мөнгөн эдлэл гээд нийтдээ 120 сая төгрөгийн эд зүйлийг нь авч одсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, саатуулжээ.
НЦГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шаргуу хөөцөлдсөний дүнд Б.Батбаатар гэх залуу үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн V хороонд оршин суух иргэн Д-ийн хаалгыг эвдэж 61 500 ам.доллар, 16 сая төгрөг, 17 мөнгөн аяга, хоёр алтан бөгж хулгайлсан хэрэгтнүүдийг дээрх хэлтсийнхэн баривчилжээ. С.Баасанжаргал, Д.Бямбадорж нар энэ хэргээс гадна 2017 оны аравдугаар сард Сүхбаатар дүүргийн VIII хороонд оршин суудаг гурван айлаас их хэмжээний алт мөнгөн эдлэл, үүнээс тав хоногийн дараа хоёр айл ухаж мөн л их хэмжээний үнэт эдлэл хулгайлсан нь тогтоогджээ.