Австрали улсад гүзээлзгэнээс болж иргэд эмнэлэгт хүргэгдсэн цөөнгүй тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн. Анх тус улсын Күинсланд мужид илэрч байсан уг хэрэг одоо Нью Соут Уэлс мужид нэмж илрээд байгаа юм. Тус мужийн дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан 20 хайрцаг гүзээлзгэнээс зүү илэрсэн байна. Австрали даяар 100 орчим тохиолдол бүртгэгджээ.
Үүнтэй холбогдуулан тус улс дахь томоохон супермаркетын сүлжээ Woolworths лангуун дээр борлуулж байгаа оёдлын зүүнүүдээ түр хугацаанд хураах арга хэмжээ авсан байна. Мөн хоёр тонн гаруй гүзээлзгэнийг устгалд оруулжээ.
Одоо тус улс даяар гэмт этгээдийг эрэн сурвалжилж, өнгөрсөн долоо хоногт иргэдийг гүзээлзгэнэ идэхээсээ өмнө зүсэж шалгаж байх анхааруулга гаргаад байна. Гэмт этгээд баригдвал тус улсын хуулиар 10 жил шоронд хоригдох ял эдлэхээр байгаа. Тэгвэл засгийн газар гүзээлзгэнэд зүү нууж хорлодог этгээдэд оноох ял шийтгэлийг 15 жил шоронд хорих болгон нэмэгдүүлэх хуулийн өөрчлөлтийг парламентдаа өргөн барьжээ. Энэхүү хорлон сүйтгэх ажиллагааны үр дүнд гүзээлзгэний борлуулалт муудаж, орон нутгийн фермерүүд их хэмжээний хохирол хүлээгээд байгаа юм. Гэмт этгээд ямар зорилгоор ийм хэрэг үйлдэж байгаа нь одоогоор нууц хэвээр байна.