Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн Мотобуудлагын батальоны долоодугаар ээлжийн цэргийн багийн алба хаагчдыг Төрийн дээд одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасны дагуу шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабт болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энх сахиулагчдад шагнал гардуулах ёслолд оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ЗХЖШ-ын хуурай замын цэргийн командлалын ажиллагааны хэлтсийн химийн дарга, Хурандаа Доржготовын Энхбаатарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, ЗХЖШ-ын РЭТ-ийн тасгийн дарга, дэд хурандаа Жамсрангийн Хоролсүрэн, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн орлогч, дэд хурандаа Төмөрбаганын Ням-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хорооны ахлагч, ахлах ахлагч Бямбаагийн Нямбаяр нарын 9 хүнийг Цэргийн гавьяаны одонгоор, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн баазын ахлагч, ахлах ахлагч Батчулууны Лхагвабаатар, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн хувцасны офицер, хошууч Батжаргалын Зэсээ, Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн зэвсгийн офицер, ахмад Нэргүйн Нямбаяр нарын 30 хүнийг Цэргийн хүндэт медалиар, Тагнуулын ерөнхий газрын ажилтан, дэслэгч Түмэнбаярын Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн шатахууны дарга, ахлах дэслэгч Гэрэлт-Одын Александр, Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Өлзийтогтохын Ганцоож нарын 487 хүнийг Энхийн төлөө медалиар тус тус шагнав.
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД БАЯР ХҮРГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Эрхэм генерал, офицер, ахлагч нар, энхийг сахиулагчид аа, Хүндэт зочид оо, Энд хүрэлцэн ирсэн энхийг сахиулагчдын гэр бүлийн төлөөлөл, хүндэт иргэд ээ! Эх орондоо өргөсөн эр цэргийн тангарагтаа үнэнч байж, эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн өндөр ур чадвараа дайчлан энхийг сахиулах эрхэм хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, Монгол Улсын төрийн дээд одон медаль, салбарын шагналаар шагнагдсан энхийг сахиулагчдадаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж, халуун баяр хүргэе. Монгол Улс энхийг эрхэмлэсэн нээлттэй гадаад бодлогыг баримтлан хэрэгжүүлж, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ зорилтыг хангахад энхийг сахиулагч Та бүхний гүйцэтгэсэн үүрэг, үйл хэрэг үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй улс орныхоо аюулгүй байдал, оршин тогтнохын баталгааг бэхжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Манай энхийг сахиулагчид ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх хугацаандаа дэлхийн хамгийн том дүрвэгсэдийн хуарангийн аюулгүй байдлыг хангаж, дүрвэгсэдийн амь нас, эрүүл мэндийг олон удаагийн халдлага, дайралтаас эр зориг, авхаалж самбаа гарган хамгаалж, баатарлаг үйл хэргийг бүтээсэн юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн үйл ажиллагаа нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээгээд зогсохгүй тэдний НҮБ-ын цэргийн хүчинд итгэх итгэлцлийг улам бүр нэмэгдүүлж байгаа нь цаашид тус улсад цагийн байдал тогтвортой болох эерэг хандлагыг төлөвшүүлж байна.
Манай энхийг сахиулагчид дэлхийн энх амгалангийн төлөө хүчин зүтгэж, үйл хэрэг, үйлс бүтээлээрээ үлгэрлэн манлайлж, Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэрийг дуурсгаж, ард түмнийхээ баяр бахдалыг төрүүлэн, төр, ард түмнийхээ хайр талархлыг зүй ёсоор хүлээж байгаад миний бие сэтгэл хангалуун байна. Өөр хоорондоо эв түнжингүй, нэгдмэл бус байдал даамжирвал улс орныг хэрхэн доройтуулж, үймээн самуун, дайн дажинд нэрвэгддэгийг бид Ирак, Сьерра Леон, Косово, Афганистан, Чад, Судан зэрэг орнуудын жишээнээс бэлхнээ мэднэ.
Дайны хөлд нэрвэгдсэн ийм эмгэнэлт байдлыг нүдээр үзэж, бие сэтгэлээрээ мэдэрсэн хүмүүс бол манай энхийг сахиулагчид юм. Хамгийн хүнд бэрх нөхцөлүүдэд өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо эрх ашгийн төлөө мятаршгүй зүтгэж ирсэн энхийг сахиулагчид бол бидний бахархал мөн. Та бүхнийг ажиллагааны газар оронд эзэмшиж сурсан мэдлэг, дадлага, мэргэжлийн өндөр ур чадвараа Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшилд зориулж, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх үйлсэд манлайлан оролцоно гэдэгт итгэл дүүрэн байна.
Түүнчлэн энхийг сахиулагч Та бүхэн зөвхөн дайн дажны хөлд нэрвэгдсэн улс оронд энхийг сахиулаад зогсохгүй, улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж, эх орноо хайрлан хамгаалахын үнэ цэн, утга учрыг Зэвсэгт хүчинд мөр зэрэгцэн алба хааж буй хамтран зүтгэгчид, хамт олон, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хүүхэд залуучуудад ухааруулан ойлгуулахад өөрийн биеэр үлгэрлэж, энэхүү үйл хэрэгт манлайлан оролцохыг уриалж байна.
Эх орныхоо өмнө өргөсөн тангарагтай цэрэг эрсийн маань найдвартай ар тал болж тэдний үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн, сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг энхийг сахиулагчдынхаа аав ээж, хань ижил, үр хүүхэд, ах дүү, найз нөхөд, ар гэрийнхэн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цагийн байдлын эгзэгтэй түгшүүртэй, байгаль, цаг уурын хүнд нөхцөлд эх орон, эцэг эх, элгэн саднаасаа хол үүрэг гүйцэтгэнэ гэдэг бол гагцхүү цэрэг хүнд л байх тэсвэр тэвчээр юм. Энэ бүгдийг даван туулж өнөөдөр эх орныхоо цэнгэг агаарыг амьсгалж, элгэн садантайгаа учран золгож, байгуулсан гавьяаныхаа зүй ёсны шагналыг энгэртээ тоссон Та бүхэнд дахин баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн сүр хүч, хийморь золбоо үеийн үед мандан бадрах болтугай” гэв.