Сүхбаатар аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжив

Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Сүхбаатар аймагт 2018 оны 09 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулан тус аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллага, сайн дурын хэсгүүд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Тус сургуулийн зорилго нь аймаг, орон нутгийн удирдлага, онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд тухайн бүс нутагт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн хор хохирлыг өөрийн хүчээр даван туулах, авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхээ дүгнэх, гамшгаас хамгаалах орон нутгийн төлөвлөгөөг бодит байдал дээр турших, удирдах бүрэлдэхүүнд гамшигтай тэмцэх чадавхиа дээшлүүлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг юм.

Сургуулийн үеэр цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулагдах бөгөөд Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.