Замын түгжрэлийг бууруулах зорилгоор дөрвөн уулзварт шар тэмдэглэгээ байршуулж, камержуулахаар төлөвлөөд буй. Үүнд нийт 200 сая төгрөг зарцуулах юм байна. Тодруулбал, Цэцэг төвийн уулзвар, Цаг уурын уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт энэ тэмдэглэгээг хийх аж.
Жолоочид тухайн шар тэмдэглэгээтэй уулзварт зорчиж байгаа тохиолдолд анхааруулах дохио анивчиж байгаа үед тухайн тэмдэглэгээ рүү нэвтрэхгүй, зогсохыг анхааруулсан дохионы дагуу замын хөдөлгөөнд оролцоно гэдгийг НИТХ-аас энэ ажлыг санаачлагчид хэлж байв. Өмнө нь жолоочид “Зогс шугам”-ын ард зогсолгүй, уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг улам нэмэгдүүлдэг байсныг ийнхүү шийдвэрлэж байгаа юм байна.