ЗХУ-ын рок од 1990 онд өөд болохоосоо өмнө ээж Валентина Васильевнагийнхаа ажил дээр ирж “Жигули” машин бэлэглэхдээ, халааснаасаа 9000 рублийг гаргаж өгчээ. Энэ үед түүний харц яагаад ч юм хачин их гунигтай байсан нь эцэг Роберт Цойд таалагдаагүй ч сүүлчийн уулзалт байжээ. Энэ талаар алдарт дуучны эцэг нэгэн удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийнхүү дурссан байдаг. Тэрбээр “22 жил өнгөрсөн байна шүү дээ /ярилцлагыг 2012 онд авсан/. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг. Эхэн үедээ хэцүү л байсан. Гурав, дөрвөн жилийн дараа гэхэд хүмүүс түүнийг мартах байх даа гэж боддог байв. Гэтэл огт мартагдаагүй. Хүүг минь ямар хүн байсныг ч мэдэхгүй жаахан хүүхдүүд дуунд нь дурлаж байгааг хараад гайхдаг. Энэ бол үнэхээр авьяас. Бидний хүү “од” байсныг өнгөрснийх нь дараа л мэдсэн. Өмнө нь энэ талаар огт бодож байгаагүй” хэмээжээ.
28-хан наслахдаа хийж бүтээсэн уран бүтээл нь одоо ч дуулагдсаар, эзнээ алдаршуулсаар байгаа Виктор Цой амьд сэрүүн байсан бол өнөөдөр 56 настай байх байжээ. Түүний ганц хүү 14-15 настай байхдаа л олны танил гэж ямар байдгийг мэдэрчихсэн, эцэст нь залхсан учир ойр дотнын хүмүүсээсээ харилцаагаа тасалж ор сураггүй болжээ. Үүнд хэвлэлийнхэн буруутай гэдгийг Роберт Цой хэлсэн байдаг.
Рок од 1990 оны наймдугаар сарын 15-нд нас барсан юм. Солонгос, орос гаралтай байсан тэрбээр 1962 оны зургадугаар сарын 21-нд Ленинградад (одоогийн Санкт-Петербург) инженер Роберт Максимович Цой болон биеийн тамирын багш Валентина Васильевна Цой нарын гэр бүлд мэндэлсэн юм. Тэр айлын ганц хүү байсан болохоор нэлээн эрх дураараа өссөн гэдэг. Тэрбээр ЗХУ-ын алдарт “Кино” хамтлагийг үүсгэн байгуулагч бөгөөд 1980-аад онд алдар хүндийн оргилд хүрсэн нь одоо ч хэвээр.