Энэ сарын 19-ны өдөр Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төмөр замын дарга нарын уулзалтад УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа оролцлоо. Уулзалтад ШХАБ-ын гишүүн орнууд болох ОХУ, БНХАУ, Узбекстан, Энэтхэг, Казахстан, Киргиз, Пакистан,Тажикстан болон ажиглагч орнууд болох Монгол, Афганистан, Белорусь, Азербайджан зэрэг орнууд оролцсон байна.
Хурлаар ШХАБ-ын гишүүн орнууд болон ажиглагч орнуудын төмөр замын дарга нар өөрсдийн төмөр замын хөгжлийн хэтийн төлөвийг танилцуулж, хамтран ажиллах талаар санал бодлоо ярилаа. Энэхүү хурлаар ШХАБ-ын гишүүн орнууд төмөр замын тээврийн салбарт хамтран ажиллах концепци, транзит тээврийн боломжийг үр ашигтай ашиглаж хөгжүүлэх, засгийн газар хоорондын тээврийн нэгдсэн удирдлагын системийг бүрдүүлж ажиллуулах хэлэлцээрийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж протоколд гарын үсэг зурсан байна.
Мөн төмөр замын дарга нарын дараагийн уулзалт болох газар, товыг тохирчээ. Уулзалтын үеэр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа хэлэхдээ: “Монгол улс ШХАБ-ын гишүүн орнуудын энэхүү уулзалтад ажиглагчийн байр сууринаас оролцож байгаа бөгөөд ШХАБ-ын гишүүн орнуудтай эдийн засгийн түншлэлийг идэвхжүүлж төмөр замын салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол улс нь Евро-Азийн төмөр замын сүлжээний нэг хэсэг болж, чингэлэг болон транзит тээврийн хэмжээ 2017 онд өмнөх оноосоо 3,3 дахин нэмэгдэж, энэхүү өсөлт улам бүр нэмэгдэж байгааг цохон дурдаад төв коридорт модернизаци хийх, хойт коридорын барилга угсралтын хамтарсан төслүүдийн талаар дуулгалаа. Энэхүү уулзалтын үеэр хэлэлцэж байгаа бүх асуудлууд Монголын төмөр замын хувьд нэн чухал байх болно гэдгээ илэрхийлэв.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН