ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалахын сайд доктор Урсула фон дер Лайений урилгаар Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболд Берлин хотноо албан ёсны айлчлал хийж байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Холбооны Батлан хамгаалахын сайд хатагтай Урсула фон дер Лайен 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Холбооны Зэвсэгт хүчний хүндэт харуулын өмнө хүлээн авч мэндчилсний дараа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Холбооны Зэвсэгт хүчний хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөв.
Ёслолын арга хэмжээний дараа Батлан хамгаалах сайд нарын албан ёсны уулзалт хэлэлцээ эхэлж, хоёр улсын харилцаа, батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар талаар харилцан санал солилцов. Батлан хамгаалахын сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхол, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжин өргөжиж, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан илэрхийлэв.
1993 оноос хойш хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа бүх түвшний харилцан айлчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, цэргийн боловсон хүчний сургалт зэрэг хэлбэрүүдээр амжилттай хөгжиж байгаа бөгөөд 2009 оноос хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид олон улсын аюулгүй байдал энх тайвны төлөө Исламын Бүгд Найрамдах Афганистанд Улс дахь энхийг дэмжих ажиллагаанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Мөн өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ХБНГУ-ын Холбооны парламентын гишүүн, Төв Ази, Герман-Монголын парламентын бүлгийн дарга ноён Манфред Грундтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам