Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн Ⅱ Хуралдай 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллагдав. Уг арга хэмжээнд Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааны 23 нийгэмлэг, байгууллагын төлөөлөгчид оролцож хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэн замналыг танилцуулж, өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ цаашдын зорилтуудыг доорхи байдлаар тодорхойлж энэхүү УРИАЛГА-ыг гаргаж байна. Үүнд:
Нэг. Хоёр улсын Төр, Засгийн газар, Орон нутгийн захиргаанд
① Монгол улсад Гадаад эдийн засгийн харилцааг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг тус тус байгуулж ажиллуулах,
② Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээд зэргээр ашиглан эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөж хөгжүүлэх,
③ Хоёр улсын хооронд Харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хэлэлцээрийг байгуулах,
④ Монгол, Японы найрамдалд чухал ач холбогдол бүхий зарим арга хэмжээ тухайлбал, Соёлын харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх, Халх голын 80 жилийн ойгоор Монгол, Япон, Орос, Хятадын эрдэмтэн судлаачид олон нийтийн оролцоотой теле конференци, энх тайвны цуглаан, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах зэрэгт хоёр орны Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
⑤ Хувийн хэвшлийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, японы техник технологи, ноу-хауг өргөнөөр орж ирэх нөхцлийг бүрдүүлэх, Японы хөрөнгө оруулалтын сайн жишээг өргөн сурталчлах,
⑥ Токио дахь Элчин сайдын яамны Монгол улсын талаархи мэдээлэл, сурталчилааны ажлыг идэвхижүүлэх,
⑦ Хоёр орны иргэд харилцан зорчих явдлыг хялбаршуулах,
⑧ Залуучуудын сонирхолыг татахуйц үйл ажиллагаа явуулахад идэвхитэй оролцож, дэмжлэг үзүүлэх,
⑨ Шинэ нисэх буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах,
⑩ Монгол, Япон хоорондын нислэгийн тоог олшруулж, тийзийн үнийг хямдруулах,
⑪ Орон нутаг, байгууллага хоорондын шууд харилцааг идэвхитэй дэмжиж, найрамдлын нийгэмлэгүүдийн салбарыг орон нутагт байгуулах,
Хоёр. Найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдэд
① Найрамдлын хөдөлгөөний эрч суларч энэ чиглэлийн нийгэмлэгүүдийн үйл ажиллагаа саарч буйд дүгнэлт хийж залуу үеийн хүсэл сонирхол, эрмэлзэл тэмүүллийг судалж, түүнд нь тохирсон найрамдлын хөдөлгөөний шинэ зорилтуудыг тодорхойлох,
② Нийгэмлэгийн гишүүнчлэлийг залуучуудаар өргөжүүлэн тэлж, идэвх, санаачилгатай залуучуудыг нийгэмлэгийн үйл ажиллагаанд татан оролцуулж үүрэг хүлээлгэж, дэмжиж ажиллах,
③ Японд суралцаж буй монгол залуучуудыг дэмжих хэлбэрээр нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх,
④ MICE(meeting, incentive tour, conference, event)-ийг идэвхижүүлж доорхи ажлуудыг хэрэгжүүлэх
Ø Жил бүрийн хавар Токио хотноо зохион байгууллагддаг “Хаврын баяр” арга хэмжээнд найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүд идэвхитэй оролцох,
Ø Улаанбаатар хотноо “Японы өдрүүд” арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулах,
Ø Хоёр улсын хөгжил болоод харилцааны хөгжилд тустай сэдвээр шинжлэх ухаанч хэлэлцүүлэг, симпозиумуудыг тогтмолжуулах,
⑤ Цахим мэдээллийн технологийг оновчтой, идэвхитэй ашиглах замаар үйл ажиллагааны хамрах хүрээг тэлэх,
⑥ Монгол, Японы харилцааны сэдвээрхи ном, товхимол, сурталчилгааны бүтээл гаргах
⑦ Харилцан айлчлалыг идэвхижүүлж харилцааны түүх, өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар өргөн танилцуулах,
⑧ Халхын голын 80 жилийн ойн арга хэмжээг Монгол, Япон, Орос гурван улс хамтран зохион байгуулах,
⑨ Нийгэмлэгийн тогтмол хэвлэлд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, нүүр номоор дамжуулж Япон болон Монголын талаархи сонирхолыг нэмэгдүүлэх
⑩ Монгол улсад тулгамдаж буй асуудлуудыг мэрэгжлийн өндөр түвшинд судалж шийдвэрлэх арга замыг төр засагт танилцуулж байх,
Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүд
Улаанбаатар хот, 2018оны 9 дүгээр сарын 10