Энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд “Приус 30” маркийн автомашин шатсан хэрэг гарсан. Тодруулбал, орон сууцны гадна байрлуулсан тоёото приус 30 маркийн автомашины зай дэлбэрсэн бололтой хойд тал нь тэр чигтээ шатсан байв. Мөн гал хажуу тийшээ шилжиж, бас нэгэн машиныг шатаасан байсан юм. “Машин шатаж байна” гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах ангийнхан яаралтай арга хэмжээ авч, галыг бүрэн унтраажээ.
Уг машин юунаас болж шатсан талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа хэдий ч шатсан машины жолооч “Хэн нэгний санаатай үйлдэл байж магадгүй. Түүнээс машины зай дэлбэрээгүй байх. Худалдаж аваад сар ч болоогүй шинэ машин дэлбэрнэ гэж байхгүй. Өөрийнхөө нэр дээр ч шилжүүлж амжаагүй байхад шатчихлаа. Машины хойд талын хоёр дугуйнаас бөөрөнхийлөөд шатааж байсан цамц мөн машины хажууханд нь тарваганы мах хүртэл олдсон. Бүгдийг нь шинжлүүлэхээр өгсөн. Гэтэл гадуур худлаа цуурхал мэдээлэл тарсанд харамсаж байна” хэмээн ярьжээ. Цагдаагийн газраас уг машин шатсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.